Ромео, Жульетта тайзнаа...

2015 оны 11 сарын 9

...эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлджээ...

Тэртээ 1966 онд Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа найруулагч С.Гэндэнгийн найруулгаар анх удаа тавигдаж байсан “Ромео & Жульетта” жүжгийг энэ цагт гурав дахь удаа дахин олонд толилуулахад бэлэн болжээ. Найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр алдарт  “Ромео & Жульетта” жүжиг ирэх пүрэв гаригт нээлтээ хийхэд бэлэн болсон байна.

Энэ удаад найруулга, тавилт, дэг, он цагаас эхлээд бүх зүйл онцлог, өвөрмөц хэмээн найруулагч Н.Наранбаатар онцолсон. Ялангуяа энэ удаагийн Ромео, Жульеттагийн сэтгэл хөдлөл, өгүүлэмж нь текстээс илүүтэй биеийн хэлээр илтгэгдэж буй нь томоохон онцлог гэж тайлбарлав.

“Ромео & Жульетта” жүжгийн бас нэгэн онцлог нь драмын театрын хамгийн залуу уран бүтээлчдийг бүгдийг нь хамруулсанд орших юм. Жишээ нь, бидний хамгийн сайн мэдэх гол дүрийн хоёр жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нараас л  үүнийг харж болно. Магадгүй гурав дахь удаагийн “Ромео & Жульетта” жүжгээс Монгол Улсын драмын театр, урлагийн ирээдүй, нүүр царайг харах томоохон сорилт болох аж. Энэ цагийн Ромео, Жульетта, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нарын хувьд ч драмын жүжгийнхээ анхны дүрийг бүтээсэн нь энэ юм байна.

Жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар энэ цагийн Ромео, Жульетта. Тэгвэл тэдний өмнө хоёр Ромео, Жульетта бий. Хамгийн сүүлд 1996 онд найруулагч Ч.Найдандоржийн найруулснаар энэ жүжиг тавигдсан түүхтэй. Хоёр дахь удаагийн Ромеогийн дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Жульеттагийн дүрд И.Одончимэг нар тоглож байв. Тэд Ромео, Жульетта дүрийг амилуулсан түүхээ ийнхүү дурсч байна.

Харин хамгийн анх 1966 онд Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа найруулагч С.Гэндэнгийн найруулгаар тус жүжгийг тавьсан. Ромеогийн дүрд жүжигчин Ц.Готов тоглосон юм. Харин Жульеттагийн дүрд гавьяат жүжигчин Б.Энхтуяа тоглосон билээ. Б.Энхтуяа гуай 1966 онд Жульеттагийн дүрд ажилласан түүхээсээ хуваалцав.

Ийнхүү сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжгийг гурав дахь удаагаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихад бэлэн болсон байна. Жүжгийн нээлт пүрэв гаригийн 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд эхлэхээр болжээ.


“РОМЕО & ЖУЛЬЕТТА” ЖҮЖГИЙН ДҮРҮҮДЭД:

Ромео Монтекки – Б.Шинэбаяр

Жульетта Капулетти – О.Дөлгөөн

Меркуцио Гуерцио – Э.Тодгэрэл

Тибальт Валенцио – Г.Алтангэрэл

Бенволио  - Б.Золжаргал

Лоренцо – С.Болд-Эрдэнэ /СТА/

Өрлөг эх – Ж.Оюундарь /МУГЖ/

Антонио Капулетти - Г.Эрдэнэбилэг /СТА/

Хатагтай Капулетти – Н.Баярмаа

Никколо Монтекки – Г.Амгаланбаатар /СТА/

Хатагтай Монтекки – Г.Номуун

Скала – П.Цэрэндагва /МУАЖ/

М.Түвшинхүү /СТА/

Парис делла Скала – Г.Дөлгөөн-Аюуш

Розалина – О.Тогтохжаргал /СТА/

Эмийн санч – Б.Жаргалсайхан /МУГЖ/

Пьетро – А.Чингүн

Самсон – Ц.Төгсбилэг

Грегори – А.Алтантөр

Бальтазар – Б.Эрдэнэбаяр

Живони – Э.Идэрболд /СТА/

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна