Нүүрсний хэрэглээ түүхэн доод цэгт буулаа

2015 оны 11 сарын 9

Олон улсад нүүрсний хэрэглээ түүхэн доод хэмжээнд хүрч буурч байна. 2015 оны эхний эхний найман сард нүүрсний хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2.3-4.6 хувиар буурсан болохыг “Грийнпийс” /Greenpeace/ байгаль хамгааллын төлөө тэмцэгч байгууллагаас мэдээлжээ. Энэ нь олон улсад энгийн нүүрсний хэрэглээ 2014 оны эхний найман сартай харьцуулбал 180 сая тонноор багассан гэсэн үг аж. Япон улсын хувьд өмнөх оныхоос нүүрсний хэрэглээ 40 сая гаруй тонноор буурсан байна.

Энэ нь дэлхийн дулаарлын эсрэг олон улсын тэмцэл нүүрсний аж үйлдвэрт ноцтой нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Дэлхий дахинаа нүүрсний хэрэглээг бууруулах замаар дэлхийн дулаарлын гол буруутан болсон хүлэмжийн хийг багасгахаар зорьж байна. Цаг уурын онц аюултай өөрчлөлтөөс сэргийлж, дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 2 хэмээр хязгаарлахын тулд 2040 он гэхэд нүүрсний хэрэглээг жил бүр дөрвөн хувиар багасгах ёстой гэж эрдэмтэд үзжээ.

Хятад улс нь дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тал хувийг дангаар авдаг. Тус улсын эрчим хүчний салбар дахь нүүрсний хэрэглээ санхүүгийн жилийн эхний гурван улиралд дөрөв гаруй хувиар буурч, импорт 31 хувиар багассан байна. 2013 оны сүүлээс хойш Хятадын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа аж.

АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс ашиглах хувь хэмжээ энэ онд 36%, 10 жилийн өмнөхөөс 50 хувиар буурчээ. АНУ-д өдгөө нийт 83 гВт-ын хүчин чадалтай 200 гаруй нүүрс шатаадаг цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна. Харин ирэх 2016 онд нийт 13 гВт-ын цахилгаан станцыг зогсоох гэнэ.

Европын холбооны 28 орны нүүрсний хэрэглээг авч үзвэл энэ оны эхний найман сард 2014 оныхоос 6.5 хувиар буурсан дээд амжилтыг тогтоожээ. Энэтхэгийн тухайд эсрэгээрээ дотоодын нүүрсний үйлдвэрлэл өсч, хэрэглээ таван хувиар нэмэгдсэн байна. “Coal India” компанийн нүүрсний худалдаа энэ оны эхний найман сард долоон хувиар нэмэгджээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна