Дархан-Уул аймгийн баг хүрэл медаль хүртлээ

2015 оны 11 сарын 9

Сэтгүүлч:
Дархан- Уул

-Хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” сагсан бөмбөгөөр эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдээс ETV, эмэгтэйчүүдээс NTV багууд аваргын цом өргөлөө-

“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” цуврал тэмцээн сагсан бөмбөгийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээн Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд (XI.07-08) боллоо. Тэмцээнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ), Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгуулагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээллийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажилласан юм.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 7 багийн нийт 270 гаруй тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамт хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй багуудаас нийт долоон тоглолт хийхдээ бүгдэд нь хожил авсан ETV түрүүлсэн бол “Ардчилал” сонин, SPS телевизийн багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багуудаас NTV мөн нэг ч хожигдолгүй түрүүлж, аваргын цом өргөсөн бол Монголньюс, Дархан-Уул аймгийн багууд удаалав. Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс С.Баатарсайхан (ETV), эмэгтэйчүүдээс Ж.Цэцэгмаа (NTV) нар тодорлоо. МССХ-ны шагналыг Дархан-Уул аймгийн багийн тоглогч Г.Сүхбат гардан авлаа.

Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нарын хүндэт зочид хүрэлцэн ирснээс гадна Монгол Улсын шигшээ тамирчдын багийн төлөөлөл оролцсон юм.

Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлан болгон зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын С.Эрдэнэ энэ үеэр мэдэгдсэн.

 

АВАРГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТОД ОРОЛЦЛОО

“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй цуврал тэмцээний эхлэл болох сагсан бөмбөгийн тэмцээний нөхөрсөг тоглолтод олимп, дэлхийн аваргууд уригдан оролцлоо. Монгол Улсын шигшээ тамирчдын баг тэмцээнийг зохион байгуулагч МСНЭ, МССХ-ны төлөөллөөс бүрдсэн багтай тоглож, 17:14-өөр хожлоо.

Монгол Улсын шигшээ тамирчдын багийн бүрэлдэхүүнийг жүдо бөх, чөлөөт бөх, волейбол, оюун ухааны спортын төлөөлөл болсон тамирчид багтсан юм. Үүнд олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын V байр, дэлхийн аваргын багийн хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, Азийн наадмын V байр, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Ш.Түмэнцэцэг, БНСУ-ын Бүх оюутны аварга, элсний волейболын Азийн зүүн бүсийн аваргын багийн хүрэл, 2015 оны МВХ-ын цомын аварга, спортын мастер Э.Сайханбаатар, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, 2015 онд Улаан-Үдэд болсон олон хотын оюутны тэмцээний алт, МВХ-ны цомын аварга, спортын I зэрэгтэй Г.Хонгорзул болон Монголын оюун ухааны академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар нар багтсан юм.

Энэхүү нөхөрсөг тоглолтын шагналын сан 1 сая төгрөг байсан бөгөөд Монгол Улсын шигшээ тамирчдын баг хожлын мөнгөө хүүхдийн сайн сайхны үйлсэд хандивлажээ.

 

ШИЛДГҮҮДИЙН ТОГЛОЛТОД ТЕЛЕВИЗИЙН БАГ ХОЖЛОО

Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болсон энэ удаагийн тэмцээнд сонин, сайт, телевизийн эрэгтэй 20 баг оролцсон. Тэмцээний хоёрдахь өдөр буюу өчигдөр шөвгийн наймд үлдсэн багуудаас төлөөлөл болгож, хоёр баг гарган нөхөрсөг тоглолтыг хийлээ. Сонин, сайт болон телевизийн багуудын дунд болсон тоглолтод 28:23-аар телевизийн баг хожсон. Энэхүү тоглолтын шагналын сан 1 сая төгрөг байсан юм.

Телевиз – Сонин, сайт - 28:23

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Телевиз:

Багийн ахлагч О.Ууганбаяр(Монгол масс медиа), Н.Бат-Эрдэнэ, Ш.Энх-Оргил (хоёул ETV), Б.Төмөр, Ц.Аранзал (SPS), Х.Санжаасүрэн, З.Бадраа (Star), Г.Анхбаяр (25), Г.Адьяабазар, М.Баянбулаг, дасгалжуулагч Б.Ялалт (Монгол масс медиа)

Сонин, сайт:

Багийн ахлагч Б.Баатар, З.Батхишиг (хоёул “Ардчилал”), Баянбулаг (Өдрийн сонин), Х.Насанжаргал (Өглөөний сонин), Н.Санжаасүрэн (Өнөөдөр), Баясгалан (“Ардын эрх”), А.Болдбаатар (“Үндэсний шуудан”), Мөнхболд (zaluu.com), Сүхбат (Дархан-Уул аймаг), дасгалжуулагч Л.Отгонбаатар (МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүлэгч).

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэй баг:

  • “А” хэсэг: Монгол контент, МССХ, Монгол масс медиа, amjilt.com, “Ардчилал” сонин
  • “В” хэсэг: nuudel.mn, SPS, ECO TV, Монцамэ агентлаг, Монгол ньюс,
  • “С” хэсэг: Үндэсний шуудан, ETV, Сүлд ТВ, Өдрийн сонин, С1 TВ
  • “D” хэсэг: TV 8, Дархан, Стар ТВ, TV10, zaluu.com

Эмэгтэй:

  • “А” хэсэг: Дархан, Өдрийн сонин, NTV, “Ардчилал” сонин
  • “В” хэсэг: Монгол ньюс, “Үндэсний шуудан” сонин, TV8 тус тус багтсан.

Эндээс эрэгтэй “А” хэсгээс “Ардчилал” сонин, Монгол масс медиа, “В” хэсгээс SPS, Монгол ньюс, “С” хэсгээс ETV, “Үндэсний шуудан” сонин, “D” хэсгээс Star tv, zaluu.com сайт хэсгийн нэг, хоёрдугаар байраар шалгарчээ. Хэсэгтээ дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожигдоогүй “Ардчилал” сонин, SPS, ETV, Star TV гэсэн багууд байсан бөгөөд тэднээс гурав нь медальт байрт шалгарлаа.

Эмэгтэй багуудаас NTV, Дархан, Монгол ньюс, ТВ-8 багууд хэсгээсээ шалгарчээ.

Эрэгтэй:

Шөвгийн найм:

  • “Ардчилал” сонин – “Үндэсний шуудан” -23:12
  • SPS TV – zaluu.com – 27:19
  • ETV – Монгол масс медиа 27:19
  • Star TV- Монгол ньюс 7:24

Хагас шигшээ:

“Ардчилал” сонин – SPS -32:30 (Энэхүү тоглолтын ялагч нэмэлт цагт тодорсон бөгөөд цаг дуусахад 2 секунд дутуу байхад хагас оноогоор (29:30) хожигдож явсан “Ардчилал” сонингоос З.Батхишиг гурван онооны шидэлтээ амжилттай болгож, багаа хожилд хүргэсэн юм.)

  • ETV – Монгол ньюс 25:13

Хүрэл медаль:

  • SPS – Монгол ньюс 29:11

Алтан медаль:

  • “Ардчилал” сонин – ETV 20:27

Эмэгтэй:

Хагас шигшээ:

  • NTV – TV8 – 17:3
  • Дархан- Монгол ньюс 3:5

Хүрэл медаль: Дархан – TV8 20:4

Алтан медаль: NTV – Монгол ньюс 20:8

Эрэгтэй, эмэгтэй аваргын цомыг өргөсөн ETV, NTV багууд нэг ч хожигдолгүй тэмцээний шилдэг нь боллоо. Медальт байрт шалгарсан багуудыг 300.000-1.000.000 төгрөгөөр шагналаа.

Дашрамд дуулгахад, “РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” шатар, даамын тэмцээнээр энэ сарын сүүлээр үргэлжлэх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний тухай мэдээллийг эргэн хүргэнэ.

Фотог: Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Ч.БОЛОРЧУЛУУН

Алтан медаль - ETV

Мөнгөн медаль - “Ардчилал” сонин

Хүрэл медаль - SPS телевиз

 

Мөнгөн медаль - "Монгол ньюс"

Хүрэл медаль - Дархан-Уул аймгийн баг.

Шилдэг тамирчин - эрэгтэйчүүдээс С.Баатарсайхан (ETV), эмэгтэйчүүдээс Ж.Цэцэгмаа (NTV).

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна