Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс мэдээлэл хийлээ

2015 оны 11 сарын 9

Улсын Их Хурлын гишүүн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү нар өнөөдөр /2015.11.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, комиссын дарга Д.Ганбат Өршөөл үзүүлэх тухай хуульд нийт 3084 хүн хамрагдсанаас 2071 хүн суллагдаж, үүнээс 4.1 дэх хэсэгт 1343 хүн, 5.1 дэх хэсэгт 1741 хүн хамрагдаж 693 хүн, 10.4 дэх хэсгээр 35 хүн суллагдаж гэртээ хариад байна гэлээ.

Мөн тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд зохион байгуулалтын  маш өндөр түвшинд ажилласан болохыг дурдаад өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдээс ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргасан гэх мэдээлэл ирээгүй байгааг хэлсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү энэ үеэр хэлэхдээ, 25 хүүхэд хоригдож байснаас 18 хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих ангиас 108 эмэгтэй суллагдаад байгааг дуулгаад өмнө нь гарч байсан Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан иргэдийн 7-8 хувь нь дахин гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд үлдсэн 90 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч байгаа. Тиймээс иргэд олон нийт үүнийг зөв ойлгох хэрэгтэй гэв.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна