"Алдар" спорт хорооны 70 жилийн ой ирэх онд тохионо

2015 оны 11 сарын 9

Хурандаа Г.Өсөхбаяр: Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 70 жилийн ой ирэх онд тохионо

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 2015-2016 оны хичээл, сургуулийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар оролцов. Мөн Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, Монголын жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичиг М.Бөхбат, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны дарга, дэд хурандаа Ц.Мягмарсүрэн, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны дарга, дэд хурандаа Д.Бумбаяр, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны дарга Г.Эрхэмбаяр нарын удирдлагууд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээнд "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр хэлсэн үгэндээ "БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын 6 дугаар их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр амжилттай оролцож 6 алтан медаль, 12 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар Дэлхийн 117 орны 7045 тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан түүхэн амжилтыг гаргалаа. Ирэх 2016 онд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 70 жилийн ой болно. Энэ хүрээнд 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 2016 оны олимпод оролцох гурван эрхээ манай гурван тамирчин аваад байна. Цаашид энэ тоог ахиулахын төлөө бид бүхэн хичээж ажиллах болно" хэмээн онцолсон. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан тамирчдад хандаж " БНСУ-д болсон Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадамд оролцсон 117 орны 7045 тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байранд шалгарна гэдэг бол том амжилт. Та бүхнээрээ батлан хамгаалах салбарынхан бид бүхэн бахархаж байна. Цаашдаа гаргасан амжилтаа ахиулаарай гэж та нартаа захих байна. Та нар бэлтгэлдээ л сайн хий, шамд. Харин бид бүхэн дэмжинэ" гээд амжилт үзүүлсэн "Алдар" спорт хорооны баг тамирчдад Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгосон шагналыг нь гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах яамны тэргүүний ажилтан” тэмдгээр Буудлагын спортын дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат, “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”- ээр Жүдо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Д. Батсайхан нар энгэрээ мялаав. “Дайчин алдар-I медаль”-аар Чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Ц. Цогтбаяр, Урт бууны төрөлд алтан медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч О. Янжинлхам, Жүдо бөхийн багийн мөнгөн медаль, 90 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Х. Цогтгэрэл, Чөлөөт бөхийн 70 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, ахмад Г. Мандахнаран нарын дөрвөн тамирчин шагнууллаа. Харин “Дайчин алдар-II медаль”-аар Байт харвааны дасгалжуулагч, дэслэгч Б.Ганзориг, Боксын 49 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Спортын мастер, дэд ахлагч М.Чухал-Эрдэнэ нар энгэрээ мялаасан бол “Дайчин алдар-III медаль”-аар Жүдо бөхийн багийн мөнгөн медаль, 66 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер А. Батсуурь, “Эх орны төлөө- I хүндэт тэмдэг”-ээр Жүдо бөхийн дасгалжуулагч, хошууч П. Нямлхагва, “Эх орны төлөө- II хүндэт тэмдэг”-ээр Чөлөөт бөхийн 86 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер О. Үйтүмэн, Дугуйны тамирчин олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Т. Төгөлдөр, Марафон гүйлтийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа нар энгэрээ мялаав. Мөн “Эх орны төлөө- III хүндэт тэмдэг”-ээр Байт харвааны багийн төрлөөр алтан медаль хүртсэн, дэд ахлагч Д. Мираслова, Байт харвааны багийн төрлөөр алтан медаль хүртсэн, дэд ахлагч Б. Отгонболд, Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, Боксын шилдэг тамирчнаар шалгарсан Олон улсын хэмжээний мастер Ж.Отгонжаргал нарын 14 тамирчид энгэрээ мялаав.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна