Таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

2015 оны 11 сарын 9

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн  цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.

Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

  • Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна  
  • Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар  Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад  8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
  •  “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай  хамтран тус дүүргийн  18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
  • Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.

Монгол Улсын Шадар сайдын  баталсан удирдамжийн  дагуу  Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц,  2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал”  ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.

Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079  жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн  бэлэн бус торгууль ногдуулжээ.

Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна