Иргэдээс асуу, дараа нь дэмжье

2015 оны 11 сарын 9

Иргэдийн саналыг тусгаагүй тогтоолыг Улсын их хурал цуцлахаас нааш, "Халх гол" чөлөөт бүс байгуулах төслийг эсэргүүцэж, тэмцэнэ. Хэрэв Халх гол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг цуцлаад, дахин нутгийн иргэдийн саналыг тусгасан чөлөөт бүс байгуулах хуулийн төслийг оруулж ирвэл, асуудлыг эргэн харъя гэж өнөөдөр Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван мэдэгдлээ. Мөн тэрбээр "Халх гол сумын удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар атар газрыг эзэмших эрхийг гадны хөрөнгө оруулалттай компанид олгосон гэж хардсан Р.Бурмаа сайдын тайлбар огт үндэслэлгүй. Гэхдээ Авлигатай тэмцэх газарт шалгуулахад бэлэн" гэлээ. Халх гол сум нь нийт хоёр сая 800 мянган га газартай. Үүнээс тариалалтын чиглэлд 49 мянга га талбайг нь 10 аж ахуйн нэгжид эзэмших, 113 мянга га газарт хадлан хадах зориулалтаар ашиглах зөвшөөрлийг тус тус өгчээ. Одоогоор 113 мянга газарт хадлан хадахаас 20 гаруй мянга га талбайд хадлан хадсан байна. Газар ашиглах, эзэмших зөвшөөрлийг авсан компаниуд бүгд Монголынх аж.

Мөн Халх голын удирдлага сумынхаа хил орчимд БНХАУ-ын компанид жуулчлалын чиглэлээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгч, гэр  баазыг байгуулсан гэж Р.Бурмаа сайд мэдээлж байсан. Өнөөдөр энэ асуудалд Засаг дарга В.Мөнхтайван тайлбар хийлээ. Түүний хэлснээр нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дотоодын аж ахуйн нэгжид жуулчны бааз барих газрыг дуудлага худалдаагаар олгожээ.

"Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай тооцоололтой, бодитой, тодорхой мэдээллийг нутгийн иргэдэд өгөх шаардлагатай. Ирээдүйтэй, нарийн тооцоололтой, нутаг орны эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа хийгдвэл нутгийн иргэд дэмжихэд бэлэн гэд тэд үзэж байна. Товчхондоо Р.Бурмаа сайд чөлөөт бүс байгуулах төсөлдөө нутгийн иргэдийн саналыг тусгах ёстой гэдгийг хэллээ.

Өнгөрсөн долдугаар сард Улсын их хурлаар батлагдсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах 75-р тогтоол ийн олон талын маргааныг дагуулсаар байна. Цаашид ч Халх голчууд төслийг дэмжихгүй, эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, УИХ-ын 75-р тогтоолыг хүчингүй болгох саналыг дэвшүүлэх юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна