Байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймгийн Халхгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын иргэдээс “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багт тус тус ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, мэдээлэл өгч, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцууллаа.

Орон нутгийн томилолтын эхний өдөр /2015.11.05/ Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцуулж, ХХААЯ-ны мэргэжилтнүүд Халхгол чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийлээ.

Хөдөө аж ахуйн Халхгол орчмын бүс нутагт хийгдэх хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийх, их хэмжээний үйлдвэрлэл бий болгох, сэргээн хөгжүүлэх талаарх судалгааг 1960-аад оноос хойш нийт 13 хийж байжээ. Түүнчлэн, 2011 оноос хойш Дорнод аймгийн Засаг даргаас 2 удаа чөлөөт бүс байгуулах хүсэлтийг Засгийн газарт тавьж, ИТХурлаар дэмжиж байсан талаар мэдээлэл өгсөн. Тус уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх орон нутгийн санал, загвар аж ахуй болон иргэдийн дунд байгаа нийтлэг асуултад хариулт өгсөн юм.

Түүнчлэн 1659 иргэний өргөдлийг холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн Халхгол сум болон Ялалт багт /2015.11.06/ ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, холбогдох мэдээлэл танилцуулан, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Чөлөөт бүсийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулж, Халхгол суманд “Халхгол төсөл” нэртэй 200 га газар хөдөө аж ахуйн загвар аж ахуй 2010 онд байгуулагдан амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл хийв. Халхгол чөлөөт бүсийн зурвасыг тусгаарлахгүй, зөвхөн үйлдвэрлэл, хорио цээр, гаалийн бүс бүхий чөлөөт бүсийн 5 хувийн газрыг хашаалж хорио цээрийн онцгой дэглэм хэрэгжүүлнэ. Харин чөлөөт бүсийн 14 хувь нь тариалангийн талбай бусад 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн аялал жуулчлал, бэлчээрийн мал аж ахуй үйлдвэрлэлийн бүс байхаар төлөвлөсөн байна. Иймд, малчдыг нүүлгэн шилжүүлэх асуудал үүсэхгүй. Үйлдвэр, хорио цээр, гаалийн талбай нь түүхийн дурсгалт болон соёлын өв болсон газрыг хамруулаагүй тул нүүдлийн соёл, ахуй амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байхаар Халхгол чөлөөт бүсийг төлөвлөж байгаа талаар ХХААЯ-ны мэргэжилтнүүд иргэдэд танилцуулсан. Халхгол чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлснээр мал эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай, чанартай болж малын эрүүл мэнд сайжрах нөхцөл бүрдэх юм. Үүнийг даган малчид зөвхөн өрхийн хэрэглээгээ хангах төдийд бус мал аж ахуйгаа эрчимжүүлэн, эдийн засгийн үр ашигтай уламжлалт мал аж ахуй эрхлэх, хөдөө аж ахуйн аялал жуулчлалаар дамжуулсан амьжиргаагаа дээшлүүлэх, нэмэлт орлого олох боломж нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Түүнчлэн орон нутагт хийгдэх хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээс үүдэн 1000 гаруй шинэ ажлын байр бий болж, судалгаа сургалтын төвүүд байгуулагдсанаар Халхгол сумын иргэд орон нутагтаа ажиллаж, сурах боломж нэмэгдэх юм байна.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Орон нутгийн иргэд шат шатны байгууллагууд ямар нэг шийдвэр гаргахдаа олон нийт, тэр дундаа тухайн бүс нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй, хэлэлцэж ярилцалгүй шууд шийдвэр гаргадаг талаар нэлээд шүүмжилж байна. Энэ байдлаас үүдэн төрийн байгууллага-иргэд ойлголцохгүй, гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа дүр зураг харагдлаа. Тухайлбал, Халхгол чөлөөт бүс байгуулах асуудал зөвхөн 2015 онд яригдаад, батлагдчихсан биш. Бүр 2006 онд судалгааг нь хийж, 2010 онд чөлөөт бүсийн төслийг боловсруулж, 2015 онд батлагдсан байхад нутгийн иргэд хангалттай мэдээлэл аваагүй гэж байна. Ойлголтгүй байдлаасаа болж УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаад байгаа юм байна гэж би хувьдаа дүгнэлээ” гэв. Цаашид орон нутгийн иргэд болон олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх, ойлголтын зөрүүг арилгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг тэрээр тэмдэглэж байв.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү орон нутгийн томилолтынхоо үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д ажиллан, өнгөрсөн 08 дугаар сард Ажлын хэсгээс хүргүүлсэн 4 шаардлагыг биелүүлсэн эсэхийг /2015.11.07/ хянасан юм. Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн гомдлын дагуу 08 дугаар сард тус байнгын хорооны Ажлын хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлага хүргүүлсэн юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 207 км  асфальтан зам тавих асуудлыг шийдэх шаардлагын хүрээнд өнөөдөр 107 км замыг ашиглалтад оруулаад байгаагаа компанийн удирдлагууд танилцуулж байлаа. Үлдсэн 100 км замыг хоёр хувааж, монголын компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шатандаа үргэлжилж байгаа талаарх мэдээллийг Байнгын хорооны даргад танилцуулсан юм. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “20 гаруй жил яригдсан 207 км замын асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Газрын тосны газар болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хооронд тодорхой зохицуулалт хийснээр, яам бүрэн хяналт тавьж, хугацаатай үүрэг өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 31 өдөр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Үндсэн 207 км зам дээр нэмээд 68 км зам барих гэрээ хийсэн, удаашралтай ч гэсэн үр дүнтэй байгаа нь дэвшил гэж үзэж байна. Монгол ажилчдад ээлжийн амралт өгөх ёстой гэдэг шаардлагыг биелүүлсэн талаараа танилцууллаа” хэмээв.

Мөн  “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний газрын тосны 22 дугаар талбай буюу 783 мянган га талбайтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг шийдэх боломжийг судалж, нарийн шалгалт явуулна хэмээн Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн юм.

Дорнод аймагт ажиллах үеэрээ мөн "Алтай групп"-ын малын тэжээлийн үйлдвэр, Хилийн цэргийн 0191 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг дагалдан ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Н.Ариунболд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Даваацэрэн, Халхгол төслийн мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лабориторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин болон албаны бусад хүмүүс ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж