Ард нийтийн санал асуулгын хуулийг дэмжив

2015 оны 11 сарын 9

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг УИХ 1995 онд баталж байсан бөгөөд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн аж. УИХ-д өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 50 гаруй гишүүн дэмжин, гарын үсэг зуржээ. Эл хуулийн төсөлд ард нийтийн санал асуулгыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар зааж өгсөн байна. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, эс оруулах уу гэдгийг нийт ард түмнээсээ асуухаар заасан аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа засаглалыг тогтвортой байлгахад анхаарах ёстой гэж үзжээ. Түүнчлэн дүүргийг сумтай адилтган үзэж байгаа одоогийн тогтолцоог өөрчилж, тодорхой өөрчлөлт оруулах шаардлага байгааг гишүүд онцолжээ.

Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар оруулж ирсэн. Хуулийн төслийг маргааш өдрөөс эхлэн хэлэлцэж эхлэхийг хичээж байна. Ингэхгүй бол цаг хугацаа бага байгаа. Сонгуулийн тухай хуультай холбоотой гурван ч төсөл өргөн баригдсан. УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэнэ” гэлээ.

Сонгуулийн нэгдсэн хуульд дараах заалтуудыг зааж өгчээ.

Үүнд,

1. Одоогийн сонгуулийн холимог тогтолцоогоо хадгална. Ингэхдээ 48 нь мажоритар, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгажээ.

2. УИХ-ын сонгуулийг, орон нутгийн сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулна.

3. Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автомажсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй.

4. Сонгуулийн зарим хэсэг дээр нөхөн сонгууль, дахин сонгууль явуулах шаардлага гардаг. Энэ хуулиар дахин болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг хоёр удаа зохин байгуулья. Эхнийхийг нь зургадугаар сарын сүүлийн ням гаригт, хоёр дахийг нь аравдугаар сарын эхний ням гаригт улс даяар зохин байгуулахаар зааж өгсөн.

5. Шинээр байгуулагдаж байгаа нам эвсэл нь сонгууль болж санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн байх ёстой.

6. Сонгуулийн хэсгийн хороог сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж гэж өөрчилнө. Энэ нэгж нь сум дүүргийн сонгуулийн хороонд харьяалагдаж ажиллана. Ахлах зохион байгуулагч болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

7. Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй.

8. Сонгуулийн компанит ажлын зардлыг хамгийн бага зардлаар зохион байгуулахаар хуульчилна.

9. Сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсныг өөрчилж, Үндэсний аудитын газар тогтоон, олон нийтэд мэдээлнэ.

10. Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтооно. Иргэн гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийг хандив өгч болно гэж заасан байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна