Парламентын сэтгүүлчид Монгол Улсын Их Хурлын болон бусад хуулиудын талаарх цуврал сургалтад хамрагдав

2015 оны 11 сарын 9

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран Парламентын сэтгүүлчдэд зориулж, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиудын талаарх сургалтыг өнөөдөр /2015.11.09/ Төрийн ордонд зохион байгууллаа.

“Мэдлэгт суурилсан мэдээлэл бэлтгэх” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн бөгөөд  Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрх бүхий телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын нийт 100 гаруй сэтгүүлч хамрагдсан байна.

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Хууль зүйн байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Баасандорж, референт Б.Хонгорзул, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ахлах зөвлөх Ч.Ариунхур нар удирдан явуулсан юм. Энэхүү сургалтаар Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх журам болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Парламентын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Түүнчлэн сургалтын үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Парламентын сэтгүүлчдэд зориулсан дараагийн сургалтаар /2015.11.16/ "Төрийн ёслолын журам"-д заасан дипломат ёслолын арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна