Улаанбаатараас дутах юм алга

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас дутах юм алга

Байрны цонхоор жаал хүү “Баяраа… Баяраа… Баяраа” гэж орилно. Доор нь зогсч байсан би “Танайд том хүн байна уу” гэж асуулаа. “Эмээ байна” гэх үгийг сонсоод шууд орц руу орж, шатаар өгсөв.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд сурвалжлагаар очсон би шинэ орон сууц ашиглалтанд орсныг соносоод шатаар өгсөж яваа нь энэ. Нэгдсэн дэд бүтэцтэй сум бараг байхгүй. Гурвансайханд нэгдсэн дэд бүтэц баригдаж энэ намраас ажиллаж эхэлжээ. Иргэдийн оролцоотойгоор олон улсын зээл тусламжаар нэгдсэн цэвэр бохир ус, дулааны сүлжээ, урлаг, спортын заал зэргийг барьжээ.

Ийнхүү дэд бүтэцтэй болсон учраас барилгын компани орон сууцны хороолол төлөвлөж эхний ээлжийн 12 айлын орон сууц ашиглалтад оржээ. Бидний сурвалжлага авахаар орсон айлын эзнийг З.Эрбаатар гэдэг. Сая цонхоор надад хариулт өгсөн хүүг З.Отгон гэдэг.

-За байранд амьдрах ямар байна?

-Гоё байна. Ус авахгүй, гал түлэхгүй болохоор түлш орохгүй. Хамгийн гоё юм ус авахгүй байх.

-Чи өмнө нь гэрт амьдардаг байх даа усанд явдаг байсан юм уу?

-Тийм. Ус авахад жаахан л ядардаг байсан гэв.


З.Эрбаатарынх малчин айл. Суман дээр сурдаг хүүхдүүддээ байр авч өгсөн нь энэ. Хүүхдүүд нь жаахан учраас ээж харьж суудаг. С.Долгорсүрэн гэж танилцуулсан эмээгээс цөөн зүйл тодрууллаа.

-Байранд ороод удаж байна уу?

-Сар гаруй болж байна. Сургуульд сурдаг ач, зээ нараа харах ажилтай. Хүүхдүүд хөдөө даарч хөрөөд юу гэх вэ, дулаан газар байж бай гэсэн юм. Энд өвөлжих байх аа.

-Өмнө та ач, зээ нараа харж суудаг байв уу?

-Тийм 4 жил эднийгээ хараад сууж байна. Гэрт байдаг байсан. Хүүхдүүд ус, түлш бэлдээд өгчихнө. Эмээ нь харах ажилтай л хүн байлаа. Энд бол гал хөс түлнэ гэхгүй, юм бүгд нь бэлэн. Үргэлж дулаан сууж байх нь сайхан юм даа, хүү минь.

-Таны бодлоор сум орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтаас хамгийн сэтгэлд хүрч байгаа ажил юу вэ?

-Манай сум хачин сайхан болсон. Өнөөдөр гэхэд л шинэ сургууль нээлтэй хийж ашиглалтанд орж байна. Зам, талбай Улаанбаатараас ялгаагүй л сайхан болчихлоо. Эмээ нь одоо 70 гарч явна. Явган хүний зам хийсэн нь их сайхан ажил болсон доо. Хөл жаахан муу бид чинь сул шороонд дунд түүртээд хэцүү байдаг юм. Энэ явган замаар явахаар чинь морь унах шиг л болох юм. Манай нэг охиных хойно байдаг юм. Тэднийд очоод наашаа буцахад явган хүний замаар явсаар байгаад л ирдэг гэв.

Иргэд бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаа нь илт. Хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодож явсан сум нь Улаанбаатараас дутахгүй юмгүй болсонд баярлахаас яах вэ. Засмал зам, гэрэлтүүлэг, ногоон хайстай жигдхэн хашаа энэ бүхний жишиг сум Гурвансайханд л үзэж болно. Иргэд нэгдэж, нэг зорилгын төлөө зохион байгуулалтай ажиллаж чадвал сум бүхэн ийм болох боломжтой гэдгийг энэхүү бүтээн байгуулалт нотолж байна.

Л.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж