Орон нутгийн Шилдэг сэтгүүлчийг шалгаруулав

2015 оны 11 сарын 10

The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч  сургалтад хамрагдав.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй аймгийн сэтгүүлчдэд эрдэс баялгийн салбарын тухай танин мэдэхүйн ойлголт өгөх, үйлдвэрлэлийн онцлог, нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн засаг захиргаа хэрхэн зарцуулж байгаа зэрэг тал бүрийн мэдээллийг Сургалтын явцад орон нутгийн сэтгүүлчдэд хүргэв.

Сургалтын сэдвийн дагуу Шилдэг нийтлэл/сурвалжлага, Шилдэг нэвтрүүлгийн уралдаан зарлаж дүгнэв. Эдгээрээс “Ховдын толь” сонины сэтгүүлч Ж.Саруулын “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” нийтлэл Тэргүүн байрыг эзэлжээ. Уул уурхайн компаниудын Орон нутагтай байгуулах гэрээний талаарх Сургалт явагдсаны дараа сэтгүүлч Ж.Саруул уг асуудал дэвшүүлсэн нийтлэлээ бичсэн аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг www.mongolianminingjournal.com сайтаас уншиж болох ба Уралдааны шалгаруулалтын Комиссын хурлын протокол The Mongolian Mining Journal сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт бүрэн эхээрээ хэвлэгдсэн байна.

Шалгаруулалтад  “Сэлэнгийн мэдээ” сонины Эрхлэгч Н.Оюумаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал ТВ”-ийн сэтгүүлч Ц.Ундармаа, Орхон аймгийн Эрдэнэт хотын www.erdenettimes.mn сайтын сэтгүүлч Л.Ганцолмон, Орхон аймгийн УЭС телевизийн сэтгүүлч Б.Гантуяа, Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Ж.Хонгорбаатар, Ц.Ууганбаатар, “Өнөөгийн Баянхонгор” сонины Эрхлэгч П.Санаадагва нар идэвхтэй оролцож, урамшуулал хүртэв.

Өнөөдөр Блу Скай-н Даймонд танхимд нээгдсэн Нэгдсэн уулзалтад Хойд, Баруун, Өмнөд бүсийн нийт 52 сэтгүүлч оролцож байна. Мөн нийслэлийн гол хэвлэл мэдээллийн Редакциудын сэтгүүлчид, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, судлаачид оролцож байгаа юм.

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Геологийн Бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт нар Нэгдсэн уулзалт дээр танилцуулга хийх ба Нөөц ашигласны төлбөрийн хуваарилалт орон нутагт хэрхэн хийгдэх вэ, Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц, ямар үндэслэлээр орон нутаг татгалзах эрхтэй вэ зэрэг цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны дарга нар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулна.

Мөн Монгол Улсын сайд М.Энхсайхан “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр сонирхолтой лекц унших юм. Уул уурхайн салбарт тулгараад байгаа бэрхшээл, өнөөгийн засаглалын үр дагавар, мега төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөхийн ач холбогдлын талаар салбарын мэргэжлийн хүмүүс, судлаачид, сэтгүүлчдийн асуултад хариулах юм.

Үдээс хойшх хуралдаанд “Орчин үеийн сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага- Шинэ сорилт ба шийдэл” сэдвээр МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн дэд профессор, доктор Л.Наранбаатар танилцуулга хийнэ.

The Mongolian Mining Journal нь “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлсэн ба ирэх жилээс Канадын UBC Их сургуулийн Норман Кийвилийн нэрэмжит Уул уурхайн сургуультай хамтран Орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудаа үргэлжлүүлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна