Мьянмарын түүхэн сонгууль

2015 оны 11 сарын 10

Мьянмарт 25 жилийн дараа анх удаа ардчилсан сонгууль явагдлаа. Мьянмарыг хагас зууны турш захирсан цэргийн дэглэмийг унагааж, иргэний ардчилсан нийгэм байгуулах найдлага уг сонгуульд агуулагдаж байна. Олон улсаас тусгаарлагдсан, цэргийн дэглэмтэй Мьянмарт чөлөөт сонгууль явагдаж байгаа нь түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал юм. Мьянмарт ардчилсан сонгууль явагдсанаар олон улсад харилцаа холбоогоо тэлж, эдийн засаг, худалдаа наймаагаа өргөжүүлэх боломж нээгдэж байгаа аж.

 

 

Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн хараахан зарлагдаагүй байгаа ч ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” ялалт байгуулах бүрэн итгэлтэй байна. Сонгуульд улс төрийн 91 намын 600 мянга гаруй нэр дэвшигчид оролцжээ.

 

Мьянмарын олон сая иргэд ирээдүйгээ өөрчлөхийн тулд сонгуульдаа идэвхтэй оролцжээ. Нийслэл Янгон хотноо санал авах байруудын гадна нар мандахаас ч өмнө сонгогчид урт дараалал үүсгэсэн байв. Ажиглагчдын зүгээс урт дараалал үүссэнд санаа зовниж байсан ч сонгогчид улс орныхоо ирээдүйг өөрчлөхийн тулд хэдэн цаг хүлээх нь юу ч биш гэж үзжээ. Мьянмарын 30 сая хүн сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн байв.

 

 

Хунтын дэглэмийн үед 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн Аун Сан Су Чи сонгуульд ялалт байгуулбал улс орныг ардчилсан чөлөөт замаар удирдахаа амлажээ. Өмнө нь 1990 онд болсон олон намт анхны сонгуулиар "Ардчиллын төлөөх үндэсний Лиг" үнэмлэхүй ялалт байгуулсан боловч цэргийн дэглэм ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

 

Энэ сонгууль нь ирэх 2016 онд болох Мьянмарын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болж буйгаараа онцлог. Сонгуульд Ан Сан Су Чийн нам ялалт байгуулсан ч тэрбээр Мьянмарын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч болж чадахгүй гэнэ. Учир нь Мьянмарын Үндсэн хуульд “Хууль ёсны хүүхэд нь гадны орны иргэн бол ерөнхийлөгч болж болохгүй” гэсэн заалт байдаг аж. Ан Сан Су Чийн хоёр хүү нь Их Британийн паспорттай юм. Иймд ирэх 2016 онд болох Мьянмарын ерөнхийлөгчийн сонгуульд парламентын спикер Шве Манныг нэр дэвшүүлэх тухай яригдаж байна. Ан Сан Су Чи Мьянмарын Үндсэн хуульд өөрчлөлт хийх амлалтаар Шве Манныг дэмжих тохиролцоо хийж байгаа гэнэ. 

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна