Өмнө нь байгаагүй туршлага одоо бий

2015 оны 11 сарын 10

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан юм.


Дэлхий дээрх хүн амын тоогоор тэргүүлэгч Ази тивийн футзалын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн  тэмцээн 2016 онд Узбекстан улсад зохиогдох юм. 1999 оноос хойш нийтдээ 13 удаа зохиогдоход 8 орон л тэмцээн зохион байгуулах эрхийг авч байсан. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд Узбекстан улс гурав дахь удаагаа тивийн футзалын тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж аваад байгаа юм.

Монгол улс түүхэндээ 2011 онд тус тэмцээний мөн урьдчилсан шатны тоглолтонд эхний удаа оролцож байлаа. 2012 онд Арабын Нэгдсэн Эмират улсад тэмцээн зохиогдоход Японы баг түрүүлж түүхэндээ 2 дахь удаагаа аварга болсноос гадна Ираны амжилтыг зогсоосон цорын ганц баг хэвээр байлаа. Тэгвэл энэ удаа Монголын шигшээ баг дахин тус тэмцээнд хөл тавьж байгаагаас гадна Азийн зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь өмнөх жилүүдээс илүү онцлог болж байгаа юм.

Тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 14-19 өдрүүдэд  Буянт-Ухаа спортын ордонд явагдна. Тоглолтууд 17:00 цагаас харин Монголын шигшээ багийн бүхий л тоглолтууд 20:00 цагаас эхэлнэ. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг энэхүү тэмцээний хэсгийн урьдчилсан шатны тоглолтыг өөрийн эх оронд авна гэдэг том ажил. Тиймээс эрхэм үзэгчид та бүхэн шигшээ багаа хүрэлцэн ирж дэмжиж, гайхалтай ялалтыг байгуулах торгон мөчийн гэрч нь болох болтугай хэмээн хүсэж байна.

Тасалбарыг Монголын хөлбөмбөгийн холбоо болон Буянт-Ухаа спортын ордноос хүрэлцэн ирж авах боломжтой. Тухайн нэг өдрийн тасалбарын үнэ 4000 төгрөг бол олон өдрийн тоглолтыг үзэх тасалбарын үнэ 10,000 төгрөг байх ба тасалбарыг өдөр бүр худалдаалагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна