Зардал бууруулах шоу

2015 оны 11 сарын 10

Сонгууль ч товлогдоогүй байхад шинээр бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцүүлдэг та нар хэн юм бэ гэсээр өргөн барьсан хуулийн төслийг нь татуулсан УИХ 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд жинхэнэ жонхуу зуурч байна.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдахдаа Засгийн газраас оруулж ирсэн улс төрийн албан тушаалтнууд, шүүгч нарын цалинг бууруулах саналыг хүлээж авсангүй, зардлуудаа нэмлээ. Цалинг бууруулахгүй болсноор 7 тэрбум төгрөгийн зардал төсөвт нэмж тусаад байна. Сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүний туслахыг цөөлөх нь унах нүхээ малтсантай ижил гэж үзсэн үү,  хэвээр үлдээхээр шийдэв. Оронд нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороотой, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай нэгдэж, хонины найр хийх болж байна. Нэгтгэх агентлагууддаа хэзээний ганган нэр олоод өгчихөж... Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой нэгтгэнгүүт Бүртгэл статистикийн хороо болно. Тус хороо УИХ-д харьяалагдах юм. Одоогийн хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын харьяанд буй. Агентлагууд нэгдэхээр нүүдэл суудал болно. Зарим нэг нь ажлаасаа чөлөөлөгдөнө.

Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хувьд ч бас л бужигнана гэсэн үг. Хоёулаа том байшин эзэгнэдэг тул нэгд нь төвлөрнө. Илүү нэг байшинг нь Засгийн газар зарж төсвийн цоорхойгоо нөхнө. Ийм зорилготой агентлагийг нэгтгэж байгаагаа Сангийн сайд ч мэдэгдсэн, Төсвийн байнгын хорооны гишүүд хоёр гараа өргөн дэмжсэнээр бас л хэдэн татварын байцаагч, гаалийн байцаагч ажилгүй болох тийшээ хандаж байна. Эрх мэдэл нь байгаа хойно яалтай ч билээ. Уг нь тэд гишүүний туслахын адил бас л цалингийн, байрны, сургалтын гээд зээлтэй байгаа болов уу.

Тавантолгой төслөө төрхөмд нь буцааж хаваржин шоудсан УИХ нүүрс тээвэрлэх төмөр замаа цэргүүдээр бариулахад зориулж 20 гаруй тэрбум төгрөг төсөвт суулгахыг дэмжив. Төмөр замын ТЭЗҮ нь боловсруулагдсан ч юм уу, бүү мэд. Энэнийхээ оронд нар сар гэрэлтэх шахам сургуулийн байрыг шинэчлэн барих хөрөнгө оруулалтыг суулгачихсан бол илүү бодитойсон. Гэтэл хөдөөгийн муу зэлүүд сумын сургуулийн сурагчид юунд ч хичээллэсэн яадаг юм бэ гэж бодов бололтой хөрөнгө оруулалтын зардлыг нь дэмжээгүй.

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихад шаардагдах зардлыг ч хүлээж аваагүй. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн барилгыг өргөтгөхөд төсөвт 498,2 сая 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 501 сая төгрөг төсөвлөх санал гишүүдийн 50 хувийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан.

Нөөцийн мах бэлтгэхэд зориулж төсөвт тодорхой хөрөнгө тусгадаг. Энэ ажлыг гүйцэтгүүлэхдээ эхлээд хувийн компаниудаар нөөцийн мах бэлтгүүлж, дараа нь Засгийн газар ажлынх нь хөлсийг олгодог. Гэвч бэлтгүүлсэн махныхаа төлбөрийг Засгийн газар хоёр жил дараалан өгөлгүй луу унжсанаас 12 тэрбум төгрөгийн өр үүсчээ. Өрийг нь дарах зорилгоор 2 тэрбум төгрөг нэмж тусгасныг гишүүдийн олонхи дэмжсэн. 2016 оны төсөвт 8 тэрбум төгрөг суулгасан байгаа бөгөөд нэмж 2 тэрбум төгрөг суулгаж байгаа нь энэ аж.

Үндэсний үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор 2012 оноос эхэлж малчдад ноосны урамшуулал олгодог болсон. Мөн л 10 тэрбум төгрөгийн өр авлага үүссэнийг шийдэхээр болж, төсөвт суулгав.

МҮОНРТ-ийн урсгал зардлыг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэх санал ногоон гэрлээр гарсан бол “Цэвэр агаар” сангийн төсвийг 5 тэрбумаар нэмэх С.Оюун гишүүний санал бүдрэв. Утаатай тэмцэх ажлыг хөрөнгө мөнгөөр хавчин сааруулж болохгүйг сануулсан ч хүлээж авсангүй.

Монголбанкны зүгээс УИХ-д хандан 2016 оны төсвийн зардлыг бууруулж, алдагдалгүй төсөв баталж өгөхийг хүсч буй. Гэвч зардал буурч, оновчтой хөрөнгө оруулалт руу зарим зардал шилжих болов уу гэсэн хүлээлт лөөлөө л болох төлөвтэй байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна