Ард түмний санал өгөх эрхэнд халдчих вий гэв

2015 оны 11 сарын 10

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан манай асуултанд хариуллаа.

Түүнээс ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.

-Ард нийтийн санал асуулгын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Энэ талаарх таны байр суурь? 

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилбөл ард түмний санал өгөх эрхэнд халдсан хэрэг болох болгоомжлол байгаа юм. Тэд судалж, дүгнэж байж дэмжих, дэмжихгүйгээ шийдэх эрхтэй. 1992 онд баталсан Үндсэн хууль бол Монголын ард түмний үндэсний мэргэжилтнүүдийн оюуны чадамжид тулгуурласан ард түмний өөрсдийнх нь бүтээл. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа зарим асуудал бол гарцаагүй байх ёстой зүйл. Тухайлбал давхар дээл тайлах, яамдын тоог нарийн тогтоох, Ерөнхий сайд танхимаа эмхлэн байгуулах, аймгийн төвийн статусыг хот болгох гэх мэт. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ, дараагийн парламент аль нь ч хэлэлцэж болно. Гэхдээ орон нутгийн сонгууль эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих үү үгүй юу гэдэг дээр санал хураах нь зүйтэй байх. Нэмэлт өөрчлөлтийг оруулахдаа сайжруулах нь чухал. Үндсэн хуулийн дархлааг маш сайн харах хэрэгтэй. Ингэж байж Үндсэн хууль өөрөө урт хугацаанд амьдрах чадвартай, нийгэм эдийн засаг, улс төрийн зөв тогтолцоо бий болгоход хэрэгтэй. Одоо бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ Үндсэн хуультай холбож болохгүй. Иймээс энэ асуудалд туйлын хянуур хандах ёстой. Засвар өөрчлөлтийг нийгмийн хөгжлөө дагаад хийх ёстой гэдэг байр суурьтай байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна