Харвони эмийг ЭМД-ын хөнгөлөлтөд оруулах уу?

2015 оны 11 сарын 10

АНУ-ын зах зээлд 94 мянган ам.доллараар худалдаалагддаг ”Харвони” эмийн үнийг хэд дахин хөнгөлж 400 ам.доллараар оруулж ирэхээр болсон билээ. Чухамдаа бол “Харвони” эмийн гурван сар нь нэг курс болно гэхээр 1200 ам.доллараар иргэдэд борлуулахаар болсон.  Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг төлөвлөгөө ёсоор бол энэ сарын дундуур оруулж ирэх учиртай. Эхний ээлжинд 1600 хүнд олгохоор тооцоолж байгаа юм.

Энэ сарын дундуур Монголд орж ирэх “Харвони” эмийг авахын тулд иргэд элэгний С вирусийн шинжилгээ, оношилгоо хийлгэж байгаа билээ. Тэгвэл үе шаттай хийгдэх энэ шинжилгээнд л гэхэд дунджаар 900 мянга гаруй төгрөг зарцуулагдаж байгаа юм байна. Ингэж 900 мянган төгрөгөөр шинжилгээ өгнө, дээр нь нэмээд хоёр сая гаруй төгрөгөөр “Харвони” эм авна.

Ингээд бодохоор элэгний С вирусийн эхний шатны эмчилгээнд нэг иргэн гурван сая гаруй төгрөг зарцуулах тооцоог гаргажээ.

Элэгний  төвийн зөвлөх эмч, доктор Д.Наранжаргалын хэлж буйгаар тэдний эмнэлэгт С вирусээ тоолуулахаар өдөрт л 20 гаруй хүн ханддаг. Тэдний ихэнх нь “Харвони” эм авахаар мөнгө цуглуулж байгаа, эсвэл цахилгаан бараагаа зарна, тэтгэврийн зээл авна, цалингийн зээл хийхээс аргагүй гэдгээ учирлажээ.

Хэдийгээр “Харвони” эмийг хямдруулж 1200 ам.долллар болгосон ч С вирусийн эмчилгээ хийлгэж, шинжилгээнд хамрагдсан иргэдийн хувьд өндөр үнэтэй хэвээр байгаа гэв. Тиймээс иргэдийн зүгээс “Насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн. Даатгалаасаа “Харвони” эмийн үнийг хөнгөлөх боломжгүй юу” гэх хүсэлтийг эмч нарт тавих болжээ.

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр нэг жилд 1 800 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг. Энэ хөнгөлөлтөд 130 гаруй нэрийн 300 гаруй төрлийн эмийн үнийг 5-94 хувиар хөнгөлж авах боломж байдаг аж. Иргэдийн зүгээс энэ хөнгөлөлтөд “Харвони” эмийг оруулж болохгүй юу гэх хүсэлтийг эмч нарт тавих болжээ. Тэгвэл ийм боломж бий эсэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнээс тодрууллаа.

Ямартай ч эрүүл мэндийн хөнгөлөлтөд элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг оруулах талаар судалж байгаа гэх тайлбарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өгч байна.

Тэгвэл иргэдийн хувьд элэгний С вирусээс урьдчилан сэргийлэх анхны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй гэдгийг албаныхан сануулав. Учир нь элэгний С вирусийг бүрэн эмчлэх тариа, антибиотек одоогоор байхгүй. Тиймээс иргэд баталгаагүй газар шивээс хийлгэх, чих цоолуулах зэрэг арьс салстаа гэмтээх үйлчилгээ хийлгэхгүй байх. Ариун цэврийн шаардлага хангаагүй газарт шүдээ эмчлүүлэх, тариа тариулах зэргээр халдварлах магадлалтай аж. Мөн элэгний С вирустэй эхээс хүүхдэд, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлах магадлалтай гэдгийг эмч нар санууллаа.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна