Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр уулзана

2015 оны 11 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол өнөөдөр 17.00 цагт болж, залгуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ эхлэх юм. Хэлэлцээний дараа айлчлалын гол баримт бичиг болох Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.

Харин маргааш өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхах бол үдээс хойш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхана.

Монгол, Хятадын харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүхий салбарт тогтвортой хөгжиж байна. 2011 онд хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг өнгөрсөн 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа болгон ахиулсан.

Улс төрийн харилцаанаас гадна эдийн засгийн харилцаа, тэр дундаа дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, хоёр орны дэд бүтцийг харилцан холбох, Орос-Монгол-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар хоёр тал үе шаттайгаар хэлэлцэн шийдвэрлэхээр ил ажиллаж байна. Далайд гарцгүй Монгол улсын хувьд БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр тохирсон Монголын бараа, бүтээгдэхүүнийг Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд хөнгөлөлт үзүүлэх, Хятадын зүүн эргийн боомтуудаар дамжин далайд гарах яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа.

Д.НАРАНТУЯА
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна