Төмөр зам ба 10 мянган цэрэг хөтөлбөрийг иргэд дэмжжээ

2015 оны 11 сарын 10

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251 дугаарт “Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах, арга хэмжээ авах” зорилт тусгагдсан байна. Энэ дагуу Засгийн газраас 107, 118 тоот тогтоол батлагдаж залуусаа ажилтай, орлоготой болгох санаачлага гарсан ч хараахан хэрэгжээгүй байсан.

Харин УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид залуусаа ажилтай орлоготой болгох нэн тэргүүний шаардлага байгаа. Ингэхийн тулд нэг талаас бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулах. Нөгөө талаас бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодит шаардлага үүсч байна. Дотоодын ажиллах хүчийг нэмэх боломж нь цэргийн алба. Ажилгүй байгаа залуусаа цэргийн албанд татаж, мэргэшүүлснээрээ авто зам, төмөр зам, барилга гэх мэт салбаруудаа давхар боловсон хүчнээр хангах боломжтой. Цэрэг халагдахдаа мэргэжлийн үнэмлэхтэй, ажил хийгээд сурсан, хөдөлмөрлөж олсон мөнгөө хуримтлуулчихсан байх юм” гэсэн байдаг. Энэ саналыг Ардчилсан намын гишүүд дэмжиж ажил хэрэг болгохоор хууль тогтоох түвшинд хэлэлцэж, ирэх оны төсвийн төсөлд  төмөр замын бүтээн байгуулалтад оролцох 10 мянган цэргийн зардал, цалин урамшууллыг суулгах тухай асуудал ч яригдаж байгаа юм.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан “МРО” мэдээлэл, судалгааны төв нийгэмд яригдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийдэг жишгийнхээ дагуу тандан судалгаа явуулжээ.

“МРО” судалгааны төв хамгийн эхэнд “Цэргийн насны ажилгүй залуучуудыг цэрэгт татаж төмөр замын бүтээн байгуулалтад ажиллуулах нь зөв үү” гэж асуужээ. Уг асуултад судалгаанд оролцсон иргэдийн 88.1 хувь нь зөв гэж хариулсан бол 6.7 хувь нь буруу, 5.3 хувь нь хариулж мэдэхгүй байна гэсэн байна.

Мөн “Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах цэргийн албан хаагчдад цалин өгөх нь зөв үү” гэж асуухад судалгаанд хамрагдсан иргэдийн 86.5 хувь нь зөв, 9.2 хувь нь буруу, 4.3 хариулж мэдэхгүй байна гэжээ.

“Төмөр замын бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүч, цэргийн хүчний алийг нь ажиллуулах нь зөв бэ” гэсэн асуултад ч оролцогсдын 88.9 хувь нь дотоодын цэргээ ажиллуулах нь зөв гэж хариулсан бол судалгаанд оролцогсдын 3.5 хувь нь гаднаас ажиллах хүч авах сонирхолтой байж. Харин судалгаанд оролцогсдын 7.5 хувь нь хариулж мэдэхгүй байна гэжээ.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна