“Эх орон, оюун санаа, яруу найраг”-ийн наадам болов

2015 оны 11 сарын 10

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа болов. Уг наадмын таван жилийн ойтой холбогдуулан яруу найргийн ертөнцөд авьяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Тусгаар тогтнолын ордны их танхимд зохион байгууллаа. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Мөн энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулав.

“Эх орон, оюун санаа, яруу найраг” наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөснөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг зэрэг уран бүтээлчид амилуулсан юм. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншлаа.

 

Завхан аймгийн Их-Уул сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга тэргүүн байр эзэлж, 5 сая төгрөгийн шагналын эзэн боллоо

“Эх орон, оюун санаа, яруу найраг” наадмын гурвын даваанд 15 шүлэгч шалгарсан. Эндээс эцсийн шалгаруулалтад МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зураач М.Амархүү, Л.Ганзул, Б.Баттулга, яруу найрагч О.Элбэгтөгс, Т.Дарханхөвсгөл нар үлдсэн.

Эцсийн шатанд тунан үлдсэн эдгээр найрагчид өөр өөрсдийн хамгийн шилдэг гэсэн шүлгүүдийг уншсан нь тодорхой. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, хамгийн гэгээн тунгалаг шүлэг дуудсан О.Элбэгтөгс, Б.Баттулга нар ширүүхэн өрсөлдөгч нар байсан юм. Ингээд сүүлийн мөчид шүүгчид шийдвэрээ гаргалаа.

Ерөнхий шүүгч, яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч П.Батхуяг сэдвийн хүрээнд ойр байсан, уянгын сайхан шүлгүүд уншсан Базарсадын Баттулга “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадмын тэргүүн байрыг эзэлжээ гэх мөчид дэмжиж байсан үзэгчдийнх нь алга ташилт, уухайн дуугаар танхим дүүрч билээ. Түрүүлсэн найрагч тэргүүн шагналын таван сая төгрөгийнхөө нэг сая төгрөгийг гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа хүүхдийн эмчилгээнд хандивласан нь олон түмнийг уяраасан билээ.

Яруу найрагчийн сэтгэл гэдэг ийм л байдаг аж хэмээн олон хүн хоорондоо ярилцаж байв. Овойж оцойтлоо хуримтлал хураагаагүй гэдгийг нь манай бичгийн хүрээнийхэн цөм мэднэ. Гэхдээ шагналаасаа нэг сая төгрөгийг нь шууд өгчих тийм л ухаан, яруу найрагчаас л гардаг юм. Ер нь бол санхүүгийн асуудлаа шийдсэн олон хүмүүс байдаг хэдий ч яг ингээд гараа сунгаж чаддаг хүн нь хэд байдаг билээ. Олон хүний бие сэтгэлийн шүлэг найргийн уран шадаар дулаацуулж, эх орон, бие биенээ хайрлах нь эрхэм зүйл юм гэдгийг ухааруулж өгсөн нэгэн үдэш гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн өнгөрлөө.

 

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна