Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ

2015 оны 11 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон байна.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас энэ сарын 04-нд баривчилсан. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн.

Тэрбээр хүсэлтэндээ “Би гэмт хэрэг үйлдээгүй. Энэ нь мөрдөн байцаалт, эсхүл шүүхийн шатанд үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой. Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарын нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч, өчигдөр буюу энэ сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Т.Давааням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна