Засгийн газрын хуралдаан боллоо

2015 оны 11 сарын 10

Засгийн газрын даваа гаригийн (XI.09)ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

2014 оны байдлаар нийт хүн амын 28,1 хувийг 0-14, 65,7 хувийг 15-59, 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын 10 жилд үргэлжлэхээр байгаа юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Гэвч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын зорилго нь өсөлтийн тогтвортой байдлыг хангах,  урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болоод гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Энэхүү бодлогын бичиг баримтад төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, хурдацтай явагдаж байгаа хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг анхааран тусгажээ. Мөн ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжих хөдөлгөөн бий болсон тул иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц гэж үзсэн байна. 

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

Монгол Улсын дээд боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.

Массачусетсийн технологийн институт 1861 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагналтан 81 төрөн гарчээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байгаа энэ сургуульд манай улсаас 15 оюутан суралцаж байгаа болон суралцан төгсчээ. Өнөөдрийн байдлаар Массачусетсийн технологийн институт 11 мянган оюутан, 1000 гаруй профессор, 800 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын төрийн бодлого, олон улсын хөгжлийн чиг хандлага, дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ. Энэ саналын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ. 2015 оны 11 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсын Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээ

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Холбооны Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар  санал солилцож, эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд ХБНГУ-тай уул уурхай, ашигт малтмалын салбарт төдийгүй аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.  Айлчлалын үеэр “Эрдэнэс Цагаан Суварга” компани, Германы “Аурубис” компанитай “Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”, “Ферростаал” групптэй “Стратегийн түншлэлийн гэрээ”, “Интер стандарт нефть” компани  “ИДЛ” компанитай “Тос, тосолгооны материалын  үйлдвэр байгуулах” чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Холбооны Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлэлийг бэхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ашигт малтмалын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлтээр стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон юм. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгаагүй байна. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрүүдэд гарын үсэг зурах эрх олгоно

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны  салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. 

Итали улстай энэхүү хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бүх салбарт багш, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоог хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжүүлж, кино урлаг, номын сан, соёлын өвийг хадгалах чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Франц Улсад 1996 оноос хойш 140 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж, 40 гаруй хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагджээ. 2014 оны байдлаар 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаагийн 10 нь Францын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн байна. Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 онд байгуулагдсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага, судалгааг 55 дурсгалт газарт хийж, 200 гаруй олдворыг Францын тал 200 000 еврогоор сэргээн засварлаж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд монголын дэлгэцийн сор бүтээл болох “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж, 2015 онд хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулах боломжтой болж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгийн хүрээнд 10 монгол оюутныг Францад сургах тохиролцоо хэрэгжих нөхцөл бүрдэнэ.


Товч мэдээ

  • Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

  • 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Батцэрэгт даалгалаа.

  • 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээний бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус хэлэлцээний Монголын хэсгийн дарга Х.Ганцогтод даалгалаа.

  • 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд бөгөөд тус ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад даалгалаа.

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг нэгтгэн 2016 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

  • “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.3.2 заалтад “Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр болон Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж” гэж нэмэхээр тогтлоо.

  • Францын хүнсний тусламжийн эргэлтийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжиж, уг хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

  • “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлд өөрчлөлт орууллаа.

  • Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна