Массачусетсийн институттай хамтран ажиллана

2015 оны 11 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Дээд боловсролын шинэчлэл, хөгжлийг түргэтгэх, боловсрол шинжлэх ухааны салбарт шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетсийн технологийн институттай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт олгожээ. БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2014 оны нэгдүгээр сард тус сургуультай хамтран ажиллах хүсэлт илгээсэн бөгөөд гуравдугаар сард хариу ирж, тэдний талаас ч манай сургуулиудтай ирж танилцаад хамтран ажиллах шийдвэр гаргажээ. Монгол үндэстэн маш өндөр оюуны чадвартай, боловсролдоо их анхаардаг гэж үзэж хамтран ажиллах шийдвэр гаргажээ. Одоогоор санамж бичиг байгуулсан байгаа бөгөөд хэлэлцээрийг энэ сарын 16-20-нд байгуулах аж.  Тус институттай хамтран ажилласнаар Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт хөгжил дэвшил гарна хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

Тус институт нь 1968 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 11000 гаруй оюутан, 1000 гаруй профессор, 800 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулдаг аж. Байгуулагдсан цагаас хойш 82 Нобелийн шагналтан тус сургуулиас төрсөн бөгөөд төгсөгчдөөс нь 25800 гаруй компанийг байгуулан ажиллаж байна. Тус сургууль улсынхаа эдийн засагт нэг жилд хоёр их наяд ам.долларыг төвлөрүүлдэг аж. Мөн сүүлийн гурван жил дэлхийн шилдэг их дээд суруулийн жагсаалтыг тэргүүлжээ. Тус институтыг монголоос 15 оюутан төгсжээ.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна