ОХУ, Египет “FBI”-ын тусламжаас татгалзжээ

2015 оны 11 сарын 10

 

Оросын 224 хүнтэй онгоц Синайн хойгт сүйрсэн /Х.31/ ослын мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ туслах санал тавьжээ. Гэвч Египет болон ОХУ-ын албаныхан Холбооны мөрдөх товчооны тусламжийг авахаас татгалзсан байна.

 

Оросын “Airbus A321” онгоц агаарт дэлбэрсэн шалтгаан тэсрэх бөмбөг байсан гэдэгт АНУ болон Их Британийн албаныхан 99.9 хувийн итгэлтэй байгаа юм. Онгоцны хоёр хар хайрцгийн нэг нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт бичигдсэн сүйрлийн өмнөх чимээ шуугианыг тэсрэх бөмбөгтэй холбон тайлбарлаж байна.

 

Харин Египетийн талаас тэсрэх бөмбөгнөөс болсон гэх таамгийг судлахаар тусгайлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Учир нь Синайн хойгт гарсан осол Египетийн аялал жуулчлалыг бүрэн үгүй хийж ихээхэн хохирол учруулж байгаа юм. Ослын улмаас олон улс Египет болон Шарм эль-Шейх руу онгоцны нислэгүүдээ зогсоогоод байгаа. Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх байсан “Airbus A321” онгоцонд голдуу Оросын жуулчид зорчиж явсан билээ.

 

Онгоцны ослыг мөрдөн шалгах олон улсын хамтарсан багт Египет, ОХУ-ын шинжээчид, “Airbus” компанийн Франц, Герман мэргэжилтнүүд, Ирландын төлөөлөгчдийн хамт  ажиллаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна