Багш бүр зөөврийн компьютертэй боллоо

2015 оны 11 сарын 9

 

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт зөөврийн компьютер олголоо. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт оролцож үг хэлсэн юм.

 

Тэрээр “Багш бүр зөөврийн компьютертэй болох хүсэн хүлээсэн баярт мөчийг та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна. Сүүлийн 2-3 жил эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Улсын Их Хурал, Засгийн газраас боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалт буурахгүй байна. Багш бүрийг зөөврийн компьютертэй болгож, сургуулиудыг компьютерээр хангаж буй нь боловсролын салбарт том ахиц гарна” гэлээ. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо боловсролын шинэчлэлийг дэмжиж олон асуудлыг хийж буйг онцоллоо.

 

 

Нийт 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт болгож байна. Энэхүү хөтөлбөр нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулснаар хэрэгжиж байгаа юм.

 

Х.БОЛОР