Дэлхийн банк таамаглалаа бууруулжээ

2015 оны 11 сарын 10

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа гаргажээ. Ингэхдээ энэ оны таамаглал, төсөөллөө бууруулсан байна. Монгол Улсын хувьд энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт гурван хувь болж саарсан билээ. Тэгвэл Дэлхийн банкнаас энэ удаагийн тайландаа Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ жилийн өсөлт 2.3 хувьд хүрнэ гэж тэмдэглэжээ. Харин төсөөлөл буурсан шалтгааныг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли ингэж тайлбарласан юм.

Энэ намар тариаланчид ургацынхаа багагүй хувийг алдсан. Дээрээс нь аж үйлдвэрийн салбараас олох ашиг таамагласнаас бага байсан зэрэг нөлөөлсөн хэмээн Дэлхийн банкнаас тайлбарлалаа. Гол нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах магадлалтай гэв. Ялангуяа уул уурхайн салбарын бууралт ирэх оны эдийн засагт томоохон дарамт болно гэдгийг санууллаа.

Ирэх онд зөвхөн дотоодын нөхцөл байдлаас гадна, гаднын нөлөөлөл багагүй бий гэв. Ялангуяа экспортын гол зах зээл болсон БНХАУ эдийн засгийн өсөлтийн цаашдын чиг хандлага тодорхойгүй энэ үед байдал хаашаа ч эргэж мэдэхийг сануулж буй юм.

Хэдийгээр одоогийн нөхцөл сайнгүй байгаа ч Монгол Улсын урт хугацааны төлөвийг өөдрөгөөр харжээ. Гэхдээ эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, цаашлаад 2017 онд гадаад зээлүүдийн эргэн төлөлт хийгдэхээс эхлээд Монголын эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүүдтэй тулгарна гэдгийг сануулсан юм. Энэ мэтчилэн зөвхөн дотоодын нөхцөлөөс гадна гадаад орчны нөлөөллөөс хамааран эдийн засгийн чиг хандлага тодорхойлогдох болсон энэ үед Дэлхийн банкнаас дараах зөвлөмжүүдийг гаргажээ.

  1. Төсвийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлэх

  2. Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь төсвийн нэгдмэл байдлын төлөвлөгөөний үр дүн, түүнд итгэх итгэлийг дээшлүүлнэ

  3. Төв банкнаас хэрэгжүүлж буй зарим талаар төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, тэдгээрийг Засгийн газарт шилжүүлэх шаардлагатай

  4. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засагт гадаад секторын тэнцвэргүй байдал болон шокын эсрэг тохиргоо хийгдэх, валютын нөөцийг хамгаалахад дэмжлэг болно

  5. Банкны системийн болзошгүй эрсдэлд бэлэн байх чадварыг улам сайжруулах шаардлагатай

  6. Эдийн засгийн идэвхжил саарсан нөхцөлд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт илүү оновчтой чиглүүлснээр нийгмийн халамжийг сайжруулна

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна