Зээлийн хүүг бууруулах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах эсэхийг шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор 2016 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах саналыг гаргаж, энэ асуудлыг Засгийн газарт үүрэг болгохыг чиглэл болгосон нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Зээлийн хүүг 1-3 хувиар бууруулахаар заасан. Гэвч эл горимын саналаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалгаж чадсангүй. Гишүүдийн ирц тааруу байсан тул үдээс хойш үргэлжлэх чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахаар болов.

Мөнгөний бодлоготой холбогдуулж гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголбанк 2016 оны төсвийн хуулийг алдагдалгүй батлах, өрөө нэмэхгүй байх, валютын урсгалыг нэмэх, төсвийн нэгдмэл байдлыг хангаач ээ гэдэг хүсэлт тавьж байгаа. Энэ хангагдаж чадаж байгаа юу. Хоёрт, ипотекийн зээлийг яаж хэрэгжүүлэх вэ. орон сууцны урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн. Гэтэл шийдвэр нь гардаггүй, зах зээлд 40 мянган айлын орон сууц борлогдохгүй эзнээ хүлээж байна. Шийдэл нь яг юу байх юм бэ.

Гуравт, эдийн засгийн өсөлт 7-8 хувь байхад Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж ирсэн. Ирэх онд эдийн засгийн бодит өсөлт 1 хувь байх төлөв гарсан. Энэ үед хэрэгжүүлэх арга хэмжээ нь юу байх вэ?.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: 2016 оны Мөнгөний бодлогыг баримталж төсвөө батлуулах ёстой. Төсөв батлахаас урьтаж мөнгөний бодлогыг авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Асуултдаа хангалттай хариулт авч чадсангүй, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт авмаар байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Дэг зөрчигдөх гээд байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төв банк мөнгөний тогтвортой байдлыг хангах зорилготой. Монголбанк арилжааны банкаар дамжуулж хувийн секторыг дэмжих байсан. Гэтэл өөрсдөө хөтөлбөр хэрэгжүүлээд явсан. Өмнөх оны 10.8 их наяд төгрөг 600 тэрбум төгрөгөөр буурч. Мөнгөний нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ?. Банкны чанаргүй зээл 7 хувь хүрсэн байна. Хэрвээ чанаргүй зээл 10 хувьд хүрэх юм бол банк 50 хувиа алдлаа гэж олон улсад үздэг юм билээ. Цаашдаа яах вэ?. Монгол банкинд валютын хичнээн хэмжээний нөөц байна вэ. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдвэл цаашид яах вэ?.

УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын дэгээр Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулах ёстой,  Монголбанк хариулахгүй. Хэрвээ Монгол банкны ерөнхийлөгчөөр хариулт өгүүлбэл би дэг зөрчинө. Мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэх үед Монгол банкнаас асууж болох байсан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Арилжааны банкны зээл олгох чадавхи суларсаар байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд арилжааны банкуудад чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ үйл ажиллагаа явуулж чадахгүй болтлоо суларсан банк яригдаагүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Оюутолгойн алтны тооцоог валютын нөөцөд оруулах тухай яригдсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Оюутолгойн алтны нөөцийг валютын нөөцөд хамруулах талаар байнгын хороон дээр огт юм яригдаагүй. Монголбанк хариулж болох бол хариулаарай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Монгол банк  бэлэн мөнгө хэвлээд намжсан. Хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй байсан. Своп зээлээр бэлэн мөнгө хуримтлагдсан юм биш биз дээ гэсэн хардлага байна. Гадаадын иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө хуримтлагдсан үе 1950-иад онд гарч байсан.  Төсөв, мөнгөний бодлого бол тухайн жилийн хууль.  Өнөөдөр тариаланчид, малчид хүнд нөхцөлд амьдарч байна. Эдийн засгийн бодлого зөв явж байж хүмүүс уужуу амьсгалж, татварын бааз суурь сайжирна.  

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Мөнгөний бодлогод нухацтай хандсан. Байнгын хорооны хэлэлцсэн санал дүгнэлтээр тогтоолын төсөлд зарим өөрчлөлт оруулахаар ярьсан. Хувийн секторыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Дээр нь зээлийн хүүг бууруулах асуудал ярьж байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Монгол банкнаас өгсөн гол заалт бол алдагдалгүй төсөв батлах санал гаргаж байгаа. Улирлын хамаарлаас шалтгаалаад Засгийн газар бонд гаргаад зээл авчихдаг. Үүнийг болих хэрэгтэй, эдийн засгийн бодит секторийг дэмжихэд зориулаач гэж байгаа. Монгол банк эдийн засгийн макро түвшиндээ анализ хийж байгаа. Мөнгөний бодлого, төсвийн уялдааг хангах чиглэлээр ажиллаж байна гэсэн хариулт өглөө.

С.Бямбацогт: Монголбанкны өр "Чингис" бондыг давж гарлаа

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Мөнгөний бодлоготой холбогдуулж бүлгээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулав. Дүгнэлтэд төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой алдаа гаргасан гэсэн юм.

Тухайлбал, Төв банк хуулийн дагуу хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой байтал Засгийн газартай “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. УИХ-ын харьяа байгууллага нь ингэж гүйцэтгэх засаглалтай өвөр түрийндээ орж 3.5 орчим их наяд төгрөгийг ямар ч хараа хяналтгүй, дур зоргоороо зах зээлд нийлүүлсэн. Ингэснээр төрийн мөнгөний бодлого алдагдаж, их хэмжээний мөнгийг эрх мэдэлтнүүд төсвийн гадуур эмх замбараагүй хуваарилан зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөнгөний бодлого боловсруулах ёстой Монголбанк мөнгөнийхөө бодлогыг өөрсдөө дампууруулсан. Ийм дампуу бодлогын үр дүнд банк, санхүүгийн үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зорилт алдагдсан. Мөн цөөн тооны, эрх мэдэлтнүүдийн дэмждэг, холбоо хамааралтай аж ахуйн нэгжүүдэд 4 хүрэхгүй хувийн хүүтэй зээл олгож байхад бусад бүх аж ахуйн нэгжүүд арилжааны 20 хүртэл хувийн хүүтэй зээл авч байна. Энэ нь шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан хоёр хэсэгт хуваасан бодлого боллоо.

2.2012 оны эцэст манай улсын гадаад валютын албан нөөц 4,1 тэрбум ам.долларт хүрч байлаа. Харамсалтай нь энэ нөөц 60 гаруй хувиар буурч энэ оны наймдугаар сар гэхэд 1,7 тэрбум ам.доллар болсон. Үүнтэй зэрэгцээд манай улсын гадаад цэвэр актив 8,1 их наяд төгрөгөөр буурч хасах 3,7 их наяд төгрөг болж буурлаа. Тодруулж хэлбэл, БНХАУ-ын Ардын банкнаас авч буй (своп хэлцэл) зээлээр валютын хэрэгцээгээ дөнгөж торгоох боллоо. Монголбанкны богино хугацаат гадаад өр 3 жилийн дотор 7 дахин нэмэгдэж 1,9 тэрбум ам.долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны богино хугацаат гадаад өр "Чингис" бондыг давж гарлаа. Энэ их өрийг ард түмэн төлнө. Эрх баригч Та бүхний тодорхойлолтоор бол "бидний үр хүүхдүүд л төлнө". Тиймээс манай улсын гадаад валютын албан нөөц  Монголбанкныхаа өрийг төлөхөд хүрэлцэхгүй болсонд УИХ дүгнэлт хийх цаг ирлээ. Мөнгөний бодлогыг тодорхойлох ёстой Монголбанк Засгийн газрынхаа адилаар сүүлийн 3 жилийн турш өр зээлээр амьдарлаа. Өр зээлэнд живсэн Монголбанк өр зээлийн л бодлого явуулдаг боллоо. Улс орныг хямралд хүргэх, мөнгөний бодлого алдагдах, эдийн засаг хямрах, ард түмний амьдрал доройтохын нэг буруутан нь Монголбанк гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Энэ бүхний хариуцлагаас Монголбанкны удирдлага хуваалцах ёстой. 

3.Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн зорилт болохыг Төв банкны тухай хуулийн 4.1-т тодорхой заасан байдаг. Харамсалтай нь, Монголбанк үндсэн зорилтоо сүүлийн жилүүдэд биелүүлсэнгүй. 2012 онд МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд ам.доллар 1338 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 2000 төгрөгт хүрлээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 50 шахам хувиар суларлаа. Үүний уршгаар нийт хэрэглээнийхээ 90 шахам хувийг импортоор авдаг манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 80 хүртэл хувиар өсч, ард иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо. Гадаад валютын ханшийн өсөлтөөс зөвхөн иргэд хохироод зогсохгүй валютын зээлтэй Засгийн газар, банк санхүүгийн салбар, аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдал хүлээж, тэдгээрийн төлбөр гүйцэтгэх чадварыг муутгалаа. Монголбанкны удирдлагын буруу бодлого нь жирийн ард иргэдээс эхлээд үндэсний аж ахуйн нэгжүүд, Засгийн газар, улс оронд асар их хэмжээний хохирол учрууллаа гэж бид дүгнэж байна.

Монголбанкны буруу бодлого, төгрөгийн сулрал, ханшийн тогтворгүй байдал нь иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг ч буурууллаа. Тухайлбал, валютын хадгаламж энэ оны 9 сарын байдлаар 2,1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 339 тэрбум төгрөг буюу 19,3 хувиар нэмэгдлээ. Харин төгрөгийн хадгаламж энэ хугацаанд 36 тэрбум төгрөгөөр буурлаа. Үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд иргэдийн итгэл алдарч байгаа нь Монголбанкны бодлогоос шууд хамааралтай болохыг онцлон тэмдэглэе гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулсан бөгөөд 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж