Иргэд татвараас урамшуулал авч, хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Иргэд татвараас урамшуулал авч, хяналт тавина

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард Улсын Их Хурал шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих тус хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцдог болно. Жишээлбэл иргэн та жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчилгээ гэдгээс үл хамааран мөнгөөр өөртөө үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн авч буй зардлынхаа хоёр хувийг буцаан авдаг болох юм. Ингэхдээ та төлбөрөө банкны картуудаа ашиглан хийж болно. Мөн картгүй, бэлэн мөнгөтэй яваа үедээ худалдан авалт хийсэн тухайн газраасаа орлого зарлагын тусгай баримтыг шаардан авдаг болох юм. Заавал худалдан авалт хийсэн баримт, цаасаа цуглуулах шаардлагагүй. Татварын ерөнхий газрын цахим сайтад нэвтэрч, татварын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэн, өөрийн худалдан авалт бүрээ оруулж, хянана.

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал олгож эхлэхээс өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль уялдаатай аж. Хэрэв ирэх нэгдүгээр сарын нэгнээс иргэд НӨАТ-ын урамшуулал аваад эхэлбэл худалдаа эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдээс худалдан авалтын баримт, падаан нэхэж эхэлнэ. Тухайн үед компани иргэд төрд төлөх ёстой татвараа нуун дарагдуулаад байх боломжгүй болно. Иймээс НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлэхээс өмнө  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, хувь компани, аж ахуйн нэгж, иргэдэд нуусан, далдалсан татвараа ил болгох боломжийг олгож буйг Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв тодотгов. Нөгөө талдаа татварын системийг ингэж шинэчлэх нь татварын хураалтад иргэд хяналт тавьдаг болох юм.  Мөн татварын бүртгэлийн систем нэг удирдлагатай болж, хэрэглэгч, аж ахуйн нэгж хооронд эдийн засгийн зөв харилцаа бий болох аж.

Иргэд татварт хяналт тавиад эхлэхээр татварын орлого 100 хувиасаа давж биелнэ. Татвар төлөхгүйгээр зах зээлд нууц ноёнтны дүрээр тоглодог дүрэм зогсоно. Мөн мөнгөний урсгал нэгтгэгдэнэ. Татвар зөв системтэй болоод ирвэл Монголоос гарах хөрөнгө гадагшаа биш дотооддоо үлдэнэ. Одоогийн бизнесийн задгай буй зах зээлийг зангидах эрх, хөрөнгийг захиран зарцуулах эрх зөвхөн дотоодын компанид ирнэ зэрэг Монгол Улсын эдийн засаг, худалдаа үйлчилгээний салбарт олон эерэг гарц авчирна гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагжав тайлбарлалаа. Энэ нь дэлхийн томоохон орнуудын хэрэгжүүлдэг улсынхаа эдийн засгийг хянах, балансаа барьж болдог алхам руу урагшлах нэг алхам болох аж. Мөн татварын нэгдсэн систем, НӨАТ-ын урамшууллын системийг дагаад Монгол Улсын айл, өрхийн амьжиргааны түвшний судалгаа, бүртгэл илүү чамбайрч, нарийвчлалтай гардаг болно. Иргэн бүрийн худалдан авалт бүртгэгдэж, санхүүгийн тооцоолол ил болно зэрэг татвар төлөлт, худалдан авалт бүрийн мэдээлэл хоорондоо уялдаж бүртгэлийн нэгдсэн бааз бий болгоно гэж Үндэсний статистикийн хороо тооцоолжээ.

Одоогоос худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хуулийнхаа хүрээнд нягтлан бодох бүртгэл, тооцооны машин зэрэг технологио стандартад нийцүүлэн шинэчлэхгүй бол төвлөрсөн зах зээлээ алдах эрсдэлтэй гэдгийг албаныхан сануулж байна. Учир нь НӨАТ урамшуулал хэрэгжээд иргэд худалдан авалт бүртээ баримт шаардаж эхэлнэ. Иймээс үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлагаа нэмэгдүүлэх учиртай юм. Нөгөө талдаа НӨАТ-ын урамшууллын систем хууль бус татварын дарамтыг зогсоох эерэг талтай гэж Ө.Мягмар ярив.

Улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж, тусгайлан НӨАТ-ын урамшууллын системийг суурилуулах, хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь нэмэлтээр өөр төрлийн карт гаргаж илүү зардал гаргахгүйгээр 17-н арилжааны банкны төлбөрийн карт, дэлгүүр, үйлчилгээний газруудын тооцооны хуудсыг ашиглан тус урамшууллын системийг нэвтрүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлснээр төсвөөр гарсан тэрбум төгрөг ажилчдын цалинд л зориулагдсаныг тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж