NBA-гийн стандартыг хангасан шинэ ордонтой боллоо

2015 оны 11 сарын 10

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордон ашиглалтад орлоо. Спортын төв ордноос 23 км-ийн зайд буюу Хандгайтад байх тус ордон олон улсын жишигт нийцсэн Монголын анхны спорт ордон гэдгээрээ онцлогтой. Хоёр заал, зочид буудал, тамирчдын хувцас солих өрөө, саун, душ, ресторан, “Алдрын танхим” гээд спорт ордонд байх ёстой бүхнийг нэг дор цогцлоосон ордны үндсэн заал нь хоёр мянган хүний суудалтай. Энэхүү заалны шалыг найман үетэй, дороо пүрштэй, цэвэр модоор хийжээ. NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шалны стандартын дагуу хийсэн гэсэн. Тэгэхээр манай тамирчид Лэйброн Жэймсийн тоглодог шалан дээр сагсан бөмбөгөөр хичээллэж байна гэсэн үг. Зориулалтын бус шалан дээр удаан тоглох, гүйх, үсрэхээр бөөр, нуруунд доргилт өгч тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс дороо пүрштэй, зөөлөвчөөс бүтсэн шалтай байх шаардлагыг хангажээ. Самбар нь ч мөн Америк стандартын “Портер” брэндийнх гэсэн. Талбайн голд дөрвөн талдаа дэлгэцтэй болохоор тэмцээнийг шууд дамжуулан үзэж болохоор юм. Уг дэлгэцийг “Link Engine” ХХК-ийнхан угсарч бэлэн болгосон гэнэ. Нэг үгээр хэлбэл NBA-гийн тамирчдын тоглож байгаа зааланд манайхан хичээллэж байна гэсэн үг. Д.Содномзундуй агсны гэр бүлийнхэн болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс зориулалтын ордонтой болох хүсэлт гаргахад улсаас Хандгайт, Багахангай гэсэн хоёр газар санал болгосон байна. Учир нь олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирж судалгаа хийхдээ дээрх хоёр газарт спорт цогцолбор байгуулахад тохиромжтой гэж дүгнэжээ. Хүнд, эрчимтэй бэлтгэл хийж байгаа тамирчид аль болох далайн түвшнээс дээш өндөрлөг газар дасгал сургуулилт хийвэл эрүүл мэндэд нь сайн байдаг гэнэ. Бас ордон байгуулсан тэр газарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат тэргүүтэй аваргууд олимпийн наадамд оролцохын өмнө бэлтгэлээ базаадаг байсан түүхтэй. Тиймээс хотын төвөөс зайдуу ч гэлээ тамирчид бэлтгэл хийх боломжтой газрыг сонгожээ.

Спорт ордны бэлтгэлийн заал нь 400 хүний суудалтай. Тэнд тамирчид хүссэнээрээ бэлтгэл хийж болох юм билээ. Бас тэмцээн, уралдаан ч зохион байгуулж болно гэсэн. Бэлтгэлийн болон үндсэн заалны дунд 80 хүний ортой “Олимп” зочид буудал бий. Зочид буудал дотроо бассейн, саун, фитнесийн өрөөтэй. Ресторан нь нэг дор 200 хүн хүлээж авах хүчин чадалтай. Бас “Алдрын танхим”-тай. Тэнд одоогоор Содномзундуй, Чоён, Аюурзана, Моломжамц, Даваахүү, Оюун гэсэн зургаан хүнийг алдаршуулаад байгаа юм билээ. Машины зогсоолын тухайд доороо 120 автомашины гарааш, гаднаа 250 автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ. Одоогоор барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа бөгөөд заалны агааржуулалтын системийг суурилуулах, гадна талбайн тохижилт, авто зогсоол байгуулах ажил хийж байгаа ажээ. Одоогоор гадна талбайнхаа талыг нь цутгачихаж. Ордны урд талд Д.Содномзундуй агсны таван метрийн өндөртэй хөшөөг босгох юм байна.

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй 20 гаруй жил дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Өөрийн амьдралаа сагсан бөмбөгийн спорттой холбосон нөхрийнхөө алдрыг мөнхжүүлэхээр түүний гэргий Цэнд-Аюуш ордон барих ажлыг санаачлан үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран барьсан байна.

Сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогч гээд энэ спортод хайртай хүн бүрт зориулсан ордон болохоор үүд хаалга нь нээлттэй байх ажээ. Лигийн тэмцээн завсарласан үед залуучууд, өсвөрийн шигшээ багийнхан бэлтгэл хийхээс гадна байгууллага, хамт олноороо ирээд тоглож болох юм байна.

С.АЛТАН

ЭХ СУРВАЛЖ: “ӨДРИЙН СОНИН”

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна