Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг хориглоно гэв

2015 оны 11 сарын 10

Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг /Wada/ ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг тэмцээн уралдаанд орохыг нь хориглох хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Учир нь ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэж, шинжилгээг хуурамчаар үйлдэхийн тулд авлигал өгдөг хэмээн хардаж байна. Үүгээр ч зогсохгүй ОХУ-д төрийн дэмжлэгтэй сэргээшний хөтөлбөр хэрэгждэг хэмээн үзэж байгаа аж. Энэ хэрэгт Оросын таван тамирчин, таван шүүгчийг бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглох тухай ярьжээ. ОХУ-ын тамирчдын сэргээшний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын эрэн сурвалжлах байгууллага “Interpol” хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн ерөнхийлөгч Лорд Кое “ОХУ-ын тамирчдын сэргээшний асуудлыг хориг тавих хэмжээний өргөн хүрээнд авч үзэж байна хэмээн мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын спортын сайд Виталий Мутко энэ бол баримт нотолгоогүй гүтгэлэг хэмээн эрс няцаажээ.

ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэдэг тухай өнгөрсөн 12 дугаар сард Германы “Das Erste” телевизээр баримтат нэвтрүүлэг цацагдсан аж. Тус нэвтрүүлэгт Оросын хөнгөн атлетикийн холбоо тамирчдыг сэргээшний эм бэлдмэлээр хангаж, дараа нь  шинжилгээний хариуг нуун дарагдуулан хариуд нь тэдний ашгийн таван хувийг авдаг хэмээн мэдээлсэн байв. Өнгөрсөн дөрвөн сард сэргээш хэрэглэсэн хэргээр 10 жилийн хугацаанд эрхээ хасуулсан зээрэнцэг шидэлтийн тамирчин Евгения Печорины тус нэвтрүүлэгт оролцохдоо “Оросын тамирчдын 99 хувь нь хориотой бодис хэрэглэдэг. Хүсвэл ямар ч хориотой эм бэлдмэлийг авч болно” гэж ярьсан аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна