Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ

2015 оны 11 сарын 10

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.  

“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 6 375  авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5,  авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ, авто оношилгоо зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх  1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна