“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” бага хурал болов

2015 оны 11 сарын 10

“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр болж өндөрлөв. Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгуулсан юм.

Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Их Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар ая эгшгийн мялаалга өргөн уг арга хэмжээг эхлүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат хуран цугларсан эрдэмтэн, судлаачдад уншиж сонсголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Удахгүй Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр болно. Түүхэн их хүмүүний сүүдэр тохиосон өдрийг ёслон тэмдэглэх арга хэмжээний хүрээнд олон улсын эрдэмтэн мэргэд Та бүхэн нэгэн дор хуран чуулж, Чингис хаан болоод Монголын нууц товчоо судлалын чухал асуудлуудыг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж, оюуны цэцээ сорьж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл хэрэг мөн.

Бидний хувьд Чингис хааны мэндэлсэн өдөр бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг алдаршуулах өдөр юм. Тэрбээр манай гараг дээр урьд өмнө байгаагүй, хойшид ч гарахааргүй тийм том улс гүрнийг байгуулж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоож чадсан билээ.

2224 жилийн өмнө байгуулагдсан Монголын тулгар төр - Хүннү гүрнээс XIII зуунд мандсан Их Монгол Улс хүртэл, Их Монголын эзэнт гүрнээс ардчилсан Монгол Улс болтол хэдэн мянган жилийн хугацаанд бид хэдийд ч үл гээгдэх төрт ёсны зарчим, хэнд ч үл гологдох баялаг түүх, хэзээ ч үл хуучрах бичиг соёлын гайхамшигт өвийг бүтээж, төв Азийн элгэнд Монгол гэж тамгалсан юм. Үүний учир Монголыг улс, үндэстнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөж байна.

Өдгөө Монгол судлал бол хэл, бичиг, түүх, соёл, улс төр, эдийн засаг, шашин, гүн ухаан, цэргийн урлаг, эртний судлал, сурган хүмүүжүүлэх зэрэг мэдлэгийн олон салбарыг хамарч буй шинжлэх ухааны цогц судлагдахуун мөний хувьд цаашид нарийвчлан судалж, шинжлэн илрүүлэхэд чиглэгдсэн ажил их байгаа нь мэдээж.

Олон асуудлыг хэлэлцэн тодруулж, гаргалгаа шийдлээ зөв тодорхойлж, оюун бодлоо цэгцлэн, ухаан санаагаа уралдуулах үйлсэд өнөөдөр Та бүхний зорин ирсэн “Чингис хаан – Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ач тусаа өгөх нь дамжиггүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол судлалын томоохон талбар бол “Монголын нууц товчоо” гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. “Монголын нууц товчоо” бол түүхэн, их хөлгөн судар. Энэхүү гайхамшигт бүтээлийн утга агуулга, учир холбогдлын нууцыг нээж олох гэж бүх үеийн эрдэмтэд махран ажиллаж ирсэн билээ. Үг бүрийн зөв уншлага, зөв утгыг тогтоох, зөв тайлбарлах гэж олон орны судлаачид олон шөнийг нойргүй өнгөрөөсөн  байдаг. Үг, өгүүлбэр бүрийг нь нягтлан шинжиж, дүгнэлт таамаглалаа үеийн үед дэвшүүлж иржээ.

“Монголын нууц товчоо”-г судалж мэдэх тусам мэдээгүй, судлаагүй олон зүйл байгааг ойлгож, улам гүнзгийрүүлэн судлах ёстой асуудлууд урган гарч ирдэг байна. Ийм л нууцлаг бүтээл юм. Энэ бол эрдэм судлалын асар том далай. Энэхүү далайд зөвхөн мэргэшсэн судлаачид, билигт мэргэд, шаргуу хөдөлмөрлөгчид олз олно. Та бүхний эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсье” гэжээ.

Үдээс өмнөх хуралдаанд “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонсгов.

Үдээс хойш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжав "Монголын нууц товчооны шинэ харгуулал", МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор, профессор С.Отгонжаргал "Монголын нууц товчоогоор XIII зууны язгууртнуудын сэтгэлгээний түвшинг тодорхойлох нь" зэрэг лекц сонордууллаа.

Чингис хаан судлал, Монголын нууц товчооны судалгааг шинэ шинэ баримтаар баяжуулснаараа уг арга хэмжээ ач холбогдолтой болов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна