“Халиуны ертөнц” тоглолтын онцлох дуучид хэн бэ?

2015 оны 11 сарын 10

Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны "Халиуны ертөнц” тоглолт энэ баасан, бямба гарагт /11-13,14/ “UB PALACE” концертын их танхимд болох гэж байна. Энэхүү тоглолт нь хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн 23 жилийн түүхэнд хийгдэж буй анхны тоглолт гэдгээрээ онцлогтой. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, “On’n off” продакшн ажиллаж, тайзны тавилт, найруулга, зохион байгуулалтыг шинэлэг, үзүүштэй байлгахаар ажиллаж байгаа юм. Мөн тоглолтод дуулагдах бүх дуунуудыг 100 хувь амьдаар тоглож, дуулж, уран бүтээлчид ур чадвар, сэтгэл хөдлөлөө үзэгчдэд шууд хүргэх нь энэ тоглолтын ноён нураа ажээ.

Н.Халиуны зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдийг Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид амилуулж, үзэгчдийг Н.Халиуны ертөнцөөр аялуулна. Тэр дундаа тоглолтын онцлох уран бүтээлчид нь, тайзнаа гараагүй удсан дуучин Б.Мягмарсүрэн, Л.Байзда, Х.Оюунбилэг, Э.Минжинсор болон “Хар сарнай”, “Freezone” нарын үзэгчдийн хүсэн хүлээсэн хамтлаг, дуучид оролцож, сэтгэлд хоногшиж дурсамж хөглөх дуунуудаараа мэндчилэн бэлэг барина. Харин хөгжимчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, “Арга билэг” хамтлагийн даралтат хөгжимчин Т.Пүрэвсүх, “A Sound” хамтлагийн бөмбөрчин Ю.Батпүрэв, “Fire” хамтлагийн басс гитарчин Д.Батбилэг, “Дэлхий” хамтлагийн соль гитарчин Ц.Алтангэрэл, цохивор хөгжимчин Жерри, “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо нарын шилдэг хөгжимчид тоглохоор бэлтгэлээ ид хангаж байна. 

“Халиуны ертөнц” тоглолтын тасалбар 25.000, 35.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй бөгөөд 1900-1188 үнэгүй хүргэж, онлайнаар www.easyticket.mn сайтаас захиалах боломжтой. Мөн “UB PALACE”-ийн билетийн касс, “HI-FI” рекордсын бүх салбараар тасалбарыг борлуулж байна.

Ж.ХАТАНБААТАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна