Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Мөнгөний бодлогын талаарх тогтоолын

төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.11.10.Мягмар гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв.

Тус байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Ж.Батсуурь, Г.Батхүү, Д.Зоригт, А.Тлейхан, Ө.Энхтүвшин нарын тогтоолын төслийн 3 дахь заалтад "2/улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх" гэсэн агуулгатай 2 дахь дэд заалт нэмэх, тогтоолын төслийн 3 дахь заалтын 2 дахь дэд заалтын дугаарыг "3" болгон "3/Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах” гэж өөрчлөн найруулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж тогтоолын төслийн 3 дахь заалтад "4/зээлийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулах" гэсэн агуулгатай 4 дэх дэд заалт нэмэх санал олонхын дэмжлэг авлаа. Үүгээр ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй таван санал дэмжигдэж, нэг санал олонхын дэмжлэг авч чадаагүй аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд "6,981.4" гэснийг "7,011.9" гэж, ДНБ-нд эзлэх хувь "25.3" гэснийг "25.4 " гэж өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.0 хувь нь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд "7,883.0" гэснийг "7,929.5" гэж, ДНБ-нд эзлэх хувь "28.6" гэснийг "28.7 " гэж өөрчлөх саналыг 64.5 хувь нь дэмжив. Мөн дээрх нэр бүхий гишүүд эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд "45.5" гэснийг "676.2 " гэж, ДНБ-нд эзлэх хувь "0.2" гэснийг "2.5 " гэж, 2017 онд "-761.9" гэснийг "-808.5 " гэж, ДНБ-нд эзлэх хувь "-2.4" гэснийг "-2.6 " гэж өөрчлөх саналыг 65.1 хувь нь дэмжлээ. Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд "-901.5" гэснийг "-917.6" гэж өөрчлөх саналыг 62.9 хувийн, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд "2,016.4" гэснийг "1,924.2" гэж, ДНБ-нд эзлэх хувь "7.3" гэснийг "7.0" гэж өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувийн дэмжлэг авсан юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар ДНБ-ний өсөлтийг 0.6 хувь гэж тооцон ДНБ-ний хэмжээг бодитой болгож, холбогдох тооцооны өөрчлөлтийг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж. Гишүүний энэ санал чуулганы нэгдсэн хуралдаанаар бас дэмжигдсэнгүй.

Үүгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэгдсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны ажлын хэсгээс оруулсан саналуудаар санал хураалт явуулж зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёолол бэлтгэжээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь АН болон МАН-ын бүлгүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан байнгын хороодын хуралдаан дээр бүлгийн гишүүдийнхээ гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг татаж авсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсний үр дүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 38 хуулийн төсөл, 4 тогтоолын төслөөс 12 хуулийн төсөл, 1 тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах, 10 хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналыг байнгын хороо гаргажээ. Мөн Засгийн газраас 6 хуулийн төслийг татаж авсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс оруулсан дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв.

Эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсон тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэн тул хуулиудыг батлах санал хураалтыг хууль тус бүрээр явуулж шийдвэрлэсэн юм.

Дараа нь хуулиудын төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, байнгын хорооны ажлын хэсгээс Бүртгэлийн болон статистикийн байгууллагыг нэгтгэн Улсын Их Хурлын харьяа байгууллага болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг төслөөс хасах санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй тул бүртгэл, статистикийн байгууллага төслөөрөө Засгийн газрын мэдэлд үлдэхээр болов.

Мөн “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн албаны тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгтэй нийцүүлэх үүднээс бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналыг гишүүдийн хувь нь дэмжлээ. Ингэснээр бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ 2 сая 700 мянган төгрөгөөс 3 сая 300 мянган төгрөг байхаар болж байна. Түүнчлэн гааль, татварын байгууллагыг нэгтгэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “5.Гаалийн ерөнхий газар, 6.Татварын ерөнхий газар” гэснийг “5.Гааль, татварын ерөнхий газар” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн зарим хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан төсөвтэй байхаар хуульчилсан заалтыг хасахаар тусгагдсаныг дэмжих боломжгүй тул төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв. Мөн Цагаатгах ажпыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын албыг 2016 онд одоо байгаа бүрэлдэхүүнээр нь ажиллуулах шаардлагатай байгаа тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ. Усны сав газрын захиргаад, Ойн судалгааны хөгжлийн төв, Мал хамгаалах сан, Байгаль хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах төслийг буцаахаар болов.

Харин зайлшгүй шаардлагатай хэрэгжүүлэх зарим арга хэмжээтэй уялдуулан “Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцааж, гааль, татварын байгууллагыг нэгтгэхээр шийдвэрлэсэнтэй уялдуулан холбогдох Засгийн газраас хуулийн төслийг яаралтай боловсруулж оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж