Монголын тээвэрчид “Эрдэнэс ТТ”-д шаардлага хүргүүлэв

2015 оны 11 сарын 11

-Үндэсний тээвэрлэгч компаниуд дөрвөн сар ажилгүй зогсчээ-

Өмнийн говийн нүүрс тээвэрлэлтийг Монголын үндэсний компаниуд хүчээ нэгтгэн хариуцах болсоор багагүй хугацааг үдэж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд үндэсний тээвэрлэгч компаниудад тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байсан гэдэг. Байсхийгээд л нүүрсний тээвэрлэлтийг янз бүрийн шалтгаанаар зогсоож, хязгаарласаар ирсэн билээ. Тэгвэл энэ өдрүүдэд ч бас Монголын үндэсний компаниудын нүүрс тээвэрлэлт зогссон талаар тээвэрчид бидэнд хандлаа. Тэдний хэлж байгаагаар энэ оны долоодугаар сарын 1-нээс хойш буюу дөрвөн сарын турш нүүрс тээвэрлэлт зогсч, өдгөө үндэсний тээвэрлэгч компаниуд дампуурлын ирмэгт хүрсэн гэнэ.

Ингээд тээвэрлэгчдийн өгсөн мэдээллийн дагуу бид Монголын үндэсний тээврийн компаниудыг нэгтгэсэн “Монгол тээвэр нэгдэл”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Соронзонбаатартай уулзаж, ярилцлаа.

-Үндэсний тээвэрлэгч компаниуд удаа дараа сул зогсолт хийж, өнөөдөр их хүнд байдалд орсон гэх мэдээлэл байна. Юуны өмнө “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Монгол тээвэр нэгдэл” ямар нэгэн төрийн бус байгууллага биш. Бие даасан үйл ажиллагаа явуулдаг, гишүүн компаниудаа ажлаар хангах үүрэгтэй малгай компани юм. Энэ компанид Монголын автотээврийн болон олон улсын тээвэр, логистикийн чиглэлийн 18 компани нэгдэж ажиллаж байна. Тухайлбал, 50 жилийн түүхтэй авто тээврийн “Тав” ХК, Өмнөговь аймгийн орон нутгийн тээвэрчдийн “Өмнөговь тээврийн нэгдэл” ХХК, Туушин ХХК, “Эс Би Транс” ХХК зэрэг манай улсын үндэсний тэргүүлэх авто тээврийн компаниуд нэгдээд байгаа юм. Бидний зорилго бол Монголд авто тээврийг хөгжих ёстой замаар нь хөгжүүлэх, үндэсний тээвэрлэгч болж олон улсын стандартад хүргэхэд чиглэж байгаа. Манай нэгдэл 500 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Монгол Улсад буй автотээврийн хамгийн том зохион байгуулалттай бүтэц гэж ойлгож болно. 

-Тавантолгой дээр нүүрс тээвэрлэлт хийж буй үндэсний компаниуд долоодугаар сараас хойш сул зогсолт хийж байгаа юм байна. Энэ ямар шалтгаантай вэ?

-Ер нь 2005 оноос хойш уул уурхайн авто тээвэр маш эрчимтэй хөгжсөн. Энэ тээврийн дийлэнхийг Хятадууд, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэж байсан. 2010 онд уул уурхайн өсөлтийн үед үндэсний тээврийн компаниуд олноор бий болж, нүүрсний тээврийг чанарын өндөр төвшинд, аюулгүй гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. Ингээд 2010 оноос Монголын тээвэрчид гэдэг нэг хэсэг гарч ирсэн л дээ. Монгол тээвэрчид 2010, 2011 онд идэвхтэй ажиллажбайгаад 2012 оноос хямралтай нүүр тулаад байна. Ер нь бол 2012 оноос хойш уул уурхайн уналт болоод, авто тээвэрт нэмж хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдээгүй. Бид 2012 оноос хойш бүтэн гурван жил жигд үйл ажилагаа явуулж үндсэндээ чадахгүй байна.

-Үйл ажиллагаа зогсоод дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчихөж. Иймэрхүү урт хугацаагаар зогсож байгаа нь анхны тохиолдол уу, эсвэл бараг хэвийн үзэгдэл үү?

-2012 оноос хойш маш их зогсолттой байсан. Ерөнхийдөө гурван сар, хоёр сар зогссон удаа олон. 2013 онд хамгийн удаан нь зургаан сар зогссон. Тэр үед юунаас болсон бэ гэхээр Зүүн цанхитай холбоотой маргаан эхэлсэн. Улмаар Засгийн газраас нүүрсний тээврийн өртгийг бууруулахын тулд хил давуулж буулгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зургаан сарын хугацаанд зогсож байлаа. Ингээд хил дамнаж нүүрсээ буулгах болсноор тээврийн зардал буурсан. Гэхдээ тэр үеэс хойшидч тээвэрлэлт саатсаар ирсэн. Тээврийн бизнесийн гол зарчим ерөөсөө л байнгын хөдөлгөөнд байх. Хямд үнэтэй ч хамаагүй, байнга хөдөлж байх ёстой. Тийм зарчим ерөөсөө хэрэгжиж өгөхгүй байна. Хамгийн сүүлд 2015 оны долоодугаар сарын 1-нээс хойш Зүүн цанхийн асуудлыг шийднэ гээд хүлээлтийн байдалд оруулаад байна. Ингээд бүхэл бүтэн дөрвөн сар болчихлоо. Өмнө нь шүд зуугаад болдог байсан, одоо нөхцөл байдал улам л хэцүү болсон. 

-Ажилчид, жолооч нарын зүгээс ямар шахалт, дарамт ирж байна вэ?

-Жолооч нар бараг биднээс илүү мэдээлэлтэй, өвөрмөц мэргэжил. Энд тэнд олуулаа очоод, зогсож, оочерлоод явж байхдаа хоорондоо ярилцаж, мэдээллээ солилцдог. Тэгэхээр жолооч нар арваннэгдүгээр сар гаргаад ажил эхлэх нь байна гэдэг байдлаар компаниуд руугаа хандаж байгаа. Компаниуд нь “Монгол тээвэр нэгдэл”-дээ хандаж байна. “Монгол тээвэр нэгдэл”-ийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” эсвэл худалдан авагч Хятадын компанитай холбогдож, мэдээлэл авч байгаа. Тэндээс авч байгаа мэдээлэл болон жолооч нарын хэлж байгаа мэдээллүүд бага зэрэг зөрчилддөг. Тэгэхээр жолооч нар “Та нар худлаа яриад байна. Одоо ажиллах гэж байна гэсэн шүү дээ” гэдэг. Үнэхээр ч яг асууж, сураглаад явахаар яах аргагүй Зүүн цанхиас нүүрс нийлүүлэх гэрээ контракт байгуулагдаад, эхлэх нь тодорхой болчихсон гэдэг. Тэгсэн хэр нь ажил эхэлдэггүй. Одоо арваннэгдүгээр сарын 10 болчихлоо. Одоогийн байдлаар гэхэд бидэнтэй ямар ч гэрээний асуудал яригдаагүй байна.Бид ийм тохиолдолд үнэндээ жолооч, ажилчиддаа хэлэх үггүй л сууж байна. Бид бүгдээрээ сууж байгаад тооцож үзсэн. Манай компаниуд өдөрт дунджаар нийтдээ 92 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа бөгөөд долоодугаар сараас хойш алдагдлын хэмжээ 11 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ хугацаанд нэг сая гаруй тонн нүүрс тээвэрлэх боломжоо алджээ. 

-“Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс ямар тайлбар хийж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс Зүүн цанхийн гэрээ, хэлцэл дуусах шатандаа орсон. Тун удахгүй ажил эхэлнэ гэсэн тайлбарыг хэлдэг.

-Монгол компаниудад хангалттай өрсөлдөх чадвар нь байна уу?

-Байлгүй яах вэ. Монгол компани, Хятад компанийн менежмент газар тэнгэр шиг ялгаатай. Хятадууд зөвхөн тооны олноор маш их хэмжээний нүүрс тээвэрлэх сонирхолтой. Бидний хувьд мэдээж 6000-7000 машин авах хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хэцүү. Гэхдээ бид байгаа хэмжээндээ чадварлаг бүтэцтэй, сайн жолооч, засварчид, системтэйгээр ажиллахыг эрмэлздэг. Тэр маань бидний давуу тал болж эхлээд байгаа. Мэдээж монгол компани ажиллаж байгаа үедМонголын хөрөнгө монголдоо үлдэнэ. Анх “Монгол тээвэр нэгдэл”-ээс санаачлан тээвэрт оролцогч талуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нүүрс тээврийг засмал замаар хийх, шороон замыг хаах уриалга гаргаж байсан. Энэ нь өнөөдөр хэрэгжээд явж байна. Ингэснээр байгаль орчин, жолооч нарын аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан улс хоорондын тээвэр хийх боломж бүрдсэн.

-Монгол жолооч нарын цалин хэд байдаг юм бол, дунджаар? 

-Жолооч нар рейсийнхээ тоогоор цалинждаг. Нэг рейсийн тариф байдаг. Компани бүр өөр өөр. Ерөнхийдөө сая төгрөгөөс дээш авдаг. Дунджаар сая 500 орчим мянга. Идэвхтэй, тогтмол ажиллавал үүнээс ч илүү цалин авах боломжтой.

-Одоо Тавантолгойд ямар нэгэн тээвэрлэлт явагдаж байна уу?

-Явж байна. Гэхдээ маш бага. Хятадын 6000машин Ганц модны боомтод зогсож байна. Тэдний 10-хан хувь нь Баруун цанхиас болон орон нутгийн Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байна. Монгол компаниуд энэ тээвэрт оролцох боломжгүй байгаа.

-Одоо тэгээд нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Туйлын хүнд байна. “Эрдэнэс Тавантолгой”-оосБаруун цанхиас бага хэмжээний нүүрс экспортолж байгаа юм билээ. Гэхдээ бид тэр экспортын тээврийг хийх боломжгүй.Хятад компаниуд боломжтой. Яагаад гэвэл бид бүр 2011 оноос л Зүүн цанхи дээр “өрний” нүүрсийг тээвэрлэхээр “Эрдэнэс Тавантолгой”-той ажиллаж эхэлсэн байдаг. Манай бүх бүртгэл, гаалийн систем, Хятадад бүртгэгдсэн нөхцөл байдал зэрэг ньЗүүн цанхитай холбоотой.Зүүн цанхиас шууд “Чалко”-ийн гаалийн талбайд буулгахаар зохицуулагдсан. Уг ньЗүүн цанхи дээр бүх гэрээ, контракт нь хийгдчихсэн. Монголын Засгийн газар, Монголын төрийн өмчит компани өрөө дарахад бэлэн гэж ойлгогдоод байгаа. Тэгсэн хэр нь тээвэрлэлт эхлэхгүй байна. Ийм байдал цаашид үргэлжилбэл, манай тээвэрчид тэмцэхээс өөр аргагүй болох нь. Хэд хоногийн өмнө бид “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д хүсэлт гаргасан. Гэвч ямар нэгэн хариу ирээгүй учраас компанийн удирдлагад нь дахин шаардлага хүргүүлээд байна.Хамгийн гол нь Зүүн цанхийн нүүрсний экспортыг яаралтай эхлүүлэх нь ганцхан тээвэрчдийн асуудал биш. “Эрдэнэс Тавантолгой”-н БНХАУ-ын Чалко компанид төлөх ёстой өр төлбөрийг барагдуулах, улс орны эрх ашигт нэн чухал ач холбогдолтой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Л.ДЭЛГЭР

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна