"АТГ ажлаа хий"

2015 оны 11 сарын 11

Улс, төрийн өндөр албан тушаалтнуудыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө угаасан, бусдаас авлига авсан хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, буруутай этгээдийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр цагдан хорьж, байцаалт авдаг албан үүрэгтэй. Гэхдээ Авлигатай тэмцэх газар сүүлийн үед захиалгаар улс төрийн өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьж, хэлмэгдүүлдэг болсон гэж зарим улс төрийн нам, түшээд шүүмжлэлтэй хандсаар байна. Харин иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, шуурхай ажиллах чиглэлтэй. Энэ дагуу баримтаар нотлогдсон бол албан тушаалаа урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг идсэн, авлига авсан цагаан захтнуудыг шалгаж, баривчлах нь зөв. Хууль зөрчдөг нөхөд хариуцлага хүлээх ёстой. Харин баримтгүйгээр хэн нэгний захиалгыг гүйцэтгэж, хүнийг гүтгэх нь хууль бус үйлдэл. Хамгийн гол том толгойтны халаасанд орохгүйгээр ажлаа сайн хий, хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэвэл ямагт АТГ-ын зөв гэдэгт иргэд санал нэгдлээ.

Монгол Улсын эдийн засгийн 30-40 хувь нь хууль бус далд байна гэсэн түүвэр судалгааг Сангийн яамнаас гаргажээ. Ингэж эдийн засгийн тал орчим хувь нь далд, хар байх нь цаана нь хууль бус үйлдэл цэцэглэж буй гэсэн үг. Харин хууль бус үйлдлийг дэлбүүлэх ажилд төрийнхөн ялангуяа албан тушаалтан, дарга нар хамааралтай байдаг. Хэрэв дээрх хууль бус үйлдлийг шалгах, үйл ажиллагааг нь хянах  систем тогтолцоо бий болчихвол, хүчний байгууллага цагаан захтнуудыг хэлмэгдүүлж байна уу, шалгаж байна уу гэдэг нь тодорхой болно  гэж харах тал байна.  Товчхондоо  хууль хүчнийхнийг хянадаг тогтолцоо, хүчийг бий болгох ёстой аж.

АТГ-ын хамгийн сүүлд явуулсан шалгалт, баривчилгааг дурдвал:

Баримт 1. Өнгөрсөн долдугаар сарын 29 ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган баривчилсан. Хэргийг шалгах явцад Л.Гансүх нар нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг АТГ-аас нотолж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар хэргийг  өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан, хэлэлцээд Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан билээ.

Баримт 2. Энэ сарын 04 ний өдөр АТГ-аас Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамбыг албан өрөөндөө тендер нэрийдлээр авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан. Мөрдөн байцаалт дуустал Г.Шийлэгдамба сайд асаныг 14 хоног 461-р ангид хорих юм байна. Одоогоор түүнтэй хамт 4-5 хүнийг баривчлан АТГ шалгаж байна гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна