Айлчлалын онцлох сэдэв: Худалдаа, эдийн засаг

2015 оны 11 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваннэгдүгээр сарын 9-11-нд  БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг манай сурвалжлагч Д.Нарантуяа сурвалжилж байна.


-Хоёр орны худалдааны эргэлт 2002 онд 300 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны байдлаар 6.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод дөхөж буй үзүүлэлт юм-

Сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж байгаа Монгол-Хятадын харилцаанд БНХАУ-д хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн айлчлал бас нэгэн шинэ хуудас нээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваннэгдүгээр сарын 9-11-нд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д таван жилийн дараа хийж байгаа айлчлал юм. Даваа гаригт Бээжинд буусан даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын Шаньси мужийн Сиань хотод зочилсон. Шаньси муж бол Хятадын түүх, соёлын өлгий хот бөгөөд Хятадын эртний 13 улсын нийслэл хот байсан гэдгээрээ алдартай.

Шаньси мужид нэг өдөр зочлоод ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бээжин хотноо угтан авах ёслол Мягмар гаригийн 17.00 цагт Ардын их хурлын ордонд боллоо. Угтах ёслолын дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийж, нийтдээ 11 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн эхэнд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнгөрсөн есдүгээр сард Бээжин хотод өргөн тэмдэглэсэн ялалтын 70 жилийн ойд ирж оролцсонд талархаж байгаагаа илэрхийллээ. Монгол-Хятад улсын харилцаа сүүлийн жилүүдэд улам гүнзгийрч, хамгийн сайн үедээ явж байгааг БНХАУ-ын дарга онцоллоо. Ноён Си Жиньпиний өнгөрсөн онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тунхагласан. Өнгөрсөн онд Улаанбаатарт хийсэн айлчлалаа хоёр орны харилцааг “түүхэн шинэ шатыг нээсэн айлчлал” байсныг Си Жиньпин дарга онцлоод “Монгол бол Хятадын сайн хөрш, сайн найз” гэлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн 2014 онд Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож “Хүлгээ давиран гэрэлт ирээдүй рүү давхицгаая” гэсэн үгийг хэлж байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ ”Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье.  Энэхүү айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж буй анхны төрийн айлчлалын хувьд түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэргийн уулзалтын давтамж нэмэгдэж буй нь улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Хоёр улсын харилцаанд худалдаа, эдийн засгийн харилцаа чухал байр суурийг эзэлж байгааг энэхүү айлчлалын үеэр зурагдсан баримт бичгүүд нотоллоо. БНХАУ-ын даргын 2014 онд Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр орны худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтод хүрэх боломжтойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ. БНХАУ бол Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд Монголын экспортын 80 хувь БНХАУ-д ногдож байгаа юм. Хоёр орны худалдааны эргэлт 2002 онд 300 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны байдлаар 6.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод дөхөж буй үзүүлэлт юм. Хэдийгээр БНХАУ эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийж, экспортоо хумьж байгаа Монголоос түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох боломж байгааг БНХАУ-ын Гадаад явдлын яамны Азийн газрын дэд дарга Чин Хай хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээний дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хэлсэн. Мөн хоёр улс дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх, Монгол улсын бүс нутаг болоод олон улсын тавцанд идэвхтэй байгаа байр суурийг дэмжих, ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад дэмжлэг үзүүлэхээр тохиролцсоныг сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганд оролцох үеэрээ зарласан Монгол улсын байнга төвийг сахих статусаа танилцууллаа. Мөн БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монголын талын “Талын зам” санаачилгыг харилцан уялдуулахаар тохиролцлоо.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна