CCTV News телевизээр юу ярив?

2015 оны 11 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваннэгдүгээр сарын 9-11-нд  БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг манай сурвалжлагч Д.Нарантуяа сурвалжилж байна.

Хятадын англи хэл дээрх гол суваг болох CCTV News телевизийн “Диалог” нэвтрүүлэг Мягмар гаригийн дугаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй айлчлалд зориуллаа. Хоёр орны харилцааг гол тодорхойлж байгаа зүйл нь эдийн засгийн харилцаа болохыг онцолсон энэ нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хятадын Олон улсын стратеги судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Үе Хайлин, ОХУ-ын Ази, номхон далайн орнуудын судалгааны төвийн судлаач Сергей Санакоев нарыг урин оролцууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарласан төвийг сахих статусын тухай, энэ нь Монголын гадаад бодлогын гуравдагч хөршийн ойлголттой хэр нийцэж байгаа эсэх, Монголын гуравдагч хөрш АНУ уу, Хятадын зарим хүн Монголыг Хятадад нийлүүлэх ёстой гэж үздэг тухай,  Монгол-Хятадын харилцаа улам бэхэжсэнээр Орос Монголыг алдаж байна уу зэрэг хатгасан асуултуудыг нэвтрүүлгийн хөтлөгчийн зүгээс тавьж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төвийг сахих статусыг зарласан нь Монгол Улс сүүлийн 25 жил баримталж ирсэн гадаад бодлогодоо эрс өөрчлөлт хийсэн хэрэг биш гэдгийг тодорхойлж буй хэрэг юм гэв. “Бид өнгөрсөн хугацаанд ч төвийг сахих бодлого барьж ирсэн. Монголчууд морьтон ард түмэн. Бид 25 жил унасан мориндоо нэр өгсөн хэрэг” хэмээн П.Цагаан хэллээ. Хятадын судлаач Үе Хайлин Хятадын хэвлэлд гарсан Монголыг Хятадад нэгтгэх тухай зүйлийн талаар “Монгол бол тусгаар тогтносон улс. Энэ бол БНХАУ-ын бодлого биш. Ямар ч улс оронд юу бодсоноо зүгээр л ярьдаг хүмүүс байдаг” хэмээв. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монгол улсад айлчлахдаа Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэдгээ илэрхийлснийг П.Цагаан нэвтрүүлгийн үеэр эш татлаа.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна