С.Эрдэнийн ичдэггүй яриа

2015 оны 11 сарын 11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр С1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон  нь олон нийтийн “амны зугаа” болж байна. УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракцид харъяалагддаг, Ардчилсан намын нэрээр хамгийн “амттай” зоог болгоны хүртэж явсан С.Эрдэнэ сайд энэ удаад нийтлэлч Б.Баабарыг дуэльд дуудав. Тэрбээр "Б.Баабар ямар өчүүхэн хүн болохыг дэлгэе. Баабар  хуурамчаар өндөр тэтгэвэр тогтоолгосон, хэрэв над руу дайраад байвал   шүүхэд өгнө" гэдгээ хэлсэн юм.  Мэдээж, түүний шидсэн зүүний хариуд Б.Баабар тэвнэ шидэхтэйгээ биз.

Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон  Баянгол дүүргийн ИТХ тэр чигтээ С.Эрдэнэ сайдын ах, дүү хамаатан садан, найз нөхөр, хамтран зүтгэгчдээр дүүрсэн гэх шүүмжлэл тасардаггүй. Олон жилийн турш яригдсан олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа энэ асуултад С.Эрдэнэ сайд ингэж хариулж байх юм. “Баянгол дүүргийн ИТХ 33 гишүүнтэй. Түүнээс дөрөв нь манайх. Эхнэр, хүү, хүргэн, охин"  гэж.  С.Эрдэнэ сайдын хувьд энэ ичмээр үзэгдэл биш гэнэ. Тийм ч байх, гэхдээ манайхаас өөр улс төрийн соёл, ёс зүйтэй оронд эхнэр хүү, хүргэн, охин нь бүгдээрээ улиралд 4.5 сая төгрөгийн урамшуулалтай төлөөлөгчид байсан бол сайдын суудлаасаа аль хэдийнэ хусагдчихсан байх биз.  Хэдийгээр С.Эрдэнэ сайдын хэлснээр 33-уулаа түүний хамаатнууд биш нь  үнэн байх аа.  Гэлээ ч нэг дүүрэгт эхнэрээ, охиноо, хүүгээ, хүргэнээ ИТХ-ын төлөөлөгчөөр "шахна" гэдэг С.Эрдэнэ сайдаас өөр хүний бардаг ч зүйл биш болов уу.

Ардчилсан нийгэмд “баян хүний эхнэр хүүхэд Баянголын төлөөлөгчөөр сонгогдох эсэх” нь асуудал биш л дээ. Гэхдээ төрийн сайд хүний эхнэр хүүхэд, хүргэн шуухантайгаа нийлээд нэг дүүрэгт ажиллана гэхээр ашиг сонирхлын зөрчилдөөн энэ тэр ч яамай байдаг юм биз дээ.

Түүний яриан дотроос анхаарал татсан нэг асуудал бол Н.Алтанхуягийн засгийг огцруулахтай холбоотой асуулт.  Сайд бантаад байгаа ч юм уу, балмагдаад байгаа ч юм уу, ямар ч байсан ярьсан яриандаа өөрөө, өөрийгөө ороочихно билээ.  Н.Алтанхуягийг огцруулах үед С.Эрдэнэ сайд хөдөө байсан ч юм шиг, хотод байсан  ч юм шиг, ёстой л “өдрөөр биш шөнөөр биш ч” гэдгэрхүү л "гаран, гаран" юм ярилаа. “Н.Алтанхуягийг  огцруулах үед би хөдөө явсан, гэхдээ хүрээд ирсэн, тийм чухал асуудал болж байгааг мэдээгүй" гэж ирээд мэлзэв. Ээ дээ, энэ “Шонхор”-ынхон уу. Одоо “Ичсэн хүн юу яана” гэдэг болох байх даа гэж. Тэгсэн хэрнээ эрийн хугархай явахыг боддогоо хэлнэ билээ. Эрийн хугархай гэдгийг С.Эрдэнэ сайд их сайхан үг гэж бодоод байгаа бололтой. Бүтэн эр хүний  хугархай гээд бодохоор тэр яавч сайн хүн биш дэг ээ.

 А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна