Н.Батбаяр: Үндсэн хуулийг одоо өөрчлөхгүй бол ахиад найман жилийг алдана

2015 оны 11 сарын 11

УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахалж байгаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг та бүхэн УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 26-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг мөн өргөн барьсан. Тэгэхээр бүх нийтийн санал асуулга явуулахад хоёрхон долоо хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, санал асуулга зохион байгуулах бэлтгэлийг хийж амжих уу?

-Болгоё гэсэн хүн аргаа олдог, болохгүй гэсэн хүн шалтгаан олдог гэсэн үг байдаг юм. Өнөөдөр өглөө интернэтээс нэг гоё үг олж харлаа л даа. “Гутранги үзэлтэн боломж бүхний дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос боломжийг олж хардаг” гэсэн үг жиргээнд “явж” байна. Яагаад энэ бүхнийг чамд хэлээд байна вэ гэвэл 14 хоногийн хугацаанд ард нийтийн санал асуулгыг явуулъя гэж хүсвэл болно. Хүсэхгүй бол  ямар ч хугацаатай байсан болохгүй гэсэн үг.

-Та бол анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг ахалж байна. Хувь заяаны тохиолоор ч гэх юм уу та Үндсэн хуулийг шинэчилж, батлах явцад ахиад гар бие оролцох ёстой байжээ дээ?

-1992 онд анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг батлалцсан тэрхүү 430 депутатын нэг нь би. Монголд ардчилал, зах зээлийн нийгмийн тогтолцоо бий болоод 25 жил болжээ. Энэ хооронд монголчууд бид ямар амжилт гаргав, ямар алдаа хийв гэдгээ дүгнэх цаг болсон байна. Өнгөрснөө эргээд харахад, ялангуяа өөрөө Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд одоогийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдал,  25 жилийн хугацаанд туулсан замналаа дүгнэхэд сэтгэл хангалуун биш байгаа. Магадгүй зарим иргэд ч өөрсдийнхөө амьдрал, улс орны эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг хараад сэтгэл дундуур байгаа байх. Энэ бүхнээс харахад яагаад ийм байдалд хүрчихэв ээ гэсэн нэг асуулт тавигдаж байна.

-Харин тиймээ, Монгол Улс яагаад ийм байдалд орчихов оо.  Ер нь засаглалын хямрал, эдийн засгийн хүндрэл гээд үүсээд байгаа бүх асуудал хүндээ байна уу, эсвэл тогтолцоондоо байна уу?

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Д.Бямбасүрэн гуайн засгаас  эхэлж тоолбол 14 Засгийн газрыг үзжээ. Тэр 14 Засгийн  газраас  долоог нь огцруулчихсан байх юм. Нэг засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жилээс илүүгүй гэсэн үг.

-Хорин таван жил бол нэг талаасаа урт, хугацаа нөгөө талаасаа богино хугацаа. Гэхдээ аливаа юмны сайн, муу, урт богиныг бусадтай харьцуулж дүгнэх ёстой шүү дээ. Тэгээд 25 жилийн хугацаанд бусад орнууд ямар амжилт гаргав, ямар хөгжилд хүрэв гэдгийг судалж, харьцуулж үзлээ. Хорин таван жил гэдэг бол нэг  улс орны хувьд хөл дээрээ босоод өндийж болдог хугацаа юм байна. Тэгээд харах юм бол 25 жилийн хугацаанд хөгжлийн өндөр төвшинд хүрсэн орнууд зөндөө байна. Тухайлбал, Сингапур. Өмнө нь Сингапур гэж улс байгаагүй. 1965 онд шинэ улс бий  болсон. 25 жилийн дараа буюу 1990 онд монголчууд Сингапур явж үзсэн. Тэр үед Сингапур Азийн бар болчихсон байсан. Одоо Сингапур дэлхийн хамгийн баян гурван улсын нэгээр бичигдэж байна. Хүн цөөнтэй, газар нутаг маш бага, хот улс шүү дээ. Баялаг байхгүй, түүх байхгүй. Гэтэл тэд яаж хөгжсөн байх нь вэ. Тэд хүч, оюун ухаан, эв нэгдлээ нэгтгэж чадсан байна. Монголчуудын хэлдгээр “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч” нэг болж чаджээ. Сингапураас өөр Япон, Германыг харъя. 1945 онд эдгээр улс дайнд ялагдаж, эдийн засаг нь сүйрсэн байсан.  Харин 1970 онд  буюу 25 жилийн дотор хөл дээрээ босч чадсан байдаг. Дараагийн жишээ гэвэл 1990 онд манай урд хөрш ямар байлаа. Одоо ямар байгааг хар. Дэлхийн  хоёр дахь том  эдийн засаг болсон байна. Дэлхий тэр чигээрээ урд хөршөөс хамааралтай болсон. Тэгвэл бид нар ямар байна. Дээр дурдсан улс орнуудын хөгжлийн замналыг харахад 25 жилийн хугацаанд босъё гэвэл ямар ч хүнд байдлаас гарч, босч  хөгжиж болдог юм байна гэдгийг харуулж байна. Бид хамгийн сайн хөгжиж яваа улс орнуудыг хоёр шалгуураар судалж үзлээ. Нэгдүгээрт, хамгийн том эдийн засагтай орнуудыг судалсан. Хамгийн том эдийн засагтай орнууд гэдэг маань ДНБ нь жилдээ нэг их наяд доллараас дээш тоологддог улсуудыг хэлж байгаа юм.  Ийм том эдийн засагтай орнууд дэлхийн хэмжээнд 15 байна. Дараа нь бид хамгийн баян орнуудыг судаллаа.  Нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн өндөр буюу 50 мянган доллараас дээш яригддаг арван улсыг авч үзлээ. Том эдийн засагтай орнуудын нийтлэг шинж чанар нь хүн ам олонтой улс байна. Баян орнуудын хувьд  эсрэгээрээ хүн ам цөөнтэй байх юм. Америк ганцаараа томд нь ч орж байна, баянд нь ч орж байна. Баян гэж байгаа Америкаас бусад орнуудын хүм ам 10 саяас доош байна. Эндээс харвал Монгол Улс хүн ам цөөнтэй, газар нутаг томтой гэсэн давуу талаа ашиглаад хамгийн түрүүнд баян орны тоонд орох боломжтой байгаа биз дээ. Харамсалтай нь, өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголчууд давуу талаа ашиглаж, баян орны тоонд багтаж чадсангүй.

Судалгаанаас харахад удирдагч нь ухаантай хүн байвал тухайн цаг үедээ улс орон нь хөгждөг, ухаан муутай удирдагч заяавал уруудан доройтдог юм байна. Удирдагч нь ухаалаг хүн байгаад, тэр хүн зөв бодлого гаргаад, зөв бодлогоо зөв бүтцээр дамжуулаад, хамгийн гол нь бодлого нь тогтвортой байх ёстой юм байна. Хүн, бодлого, зөв бүтэц, тогтвортой байдал, урт хугацаа. Ийм таван хүчин зүйл нэгдэж байж улс орон хөгждөг. Энэ таван хүчин зүйлсийг өөрийнхөө орон дээр аваад үзэхээр өнгөрсөн хугацаанд Монголд эдгээр зүйлүүд нэг дор төвлөрч чадсангүй.  

-Монголчууд чөтгөрийн тойрогтоо эргэлдээд, улс орон маань улам төвөгтэй, хүнд байдалд орлоо. Энэ “чөтгөрийн тойрог”-оос гарах гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж чадах болов уу?

Бид дөрвөн Ерөнхийлөгч сонгосон байна. УИХ-ын даргаар есөн хүнийг сонгож. 14 Засгийн газрыг сольжээ. Тэр үедээ бид дандаа л шилдэг гэснээ дээрх албан тушаалд тавьж байсан. Гэтэл тэр хүмүүс маань бүгдээрээ чадваргүй байсан гэвэл үгүй. Тэр хүмүүст ажил хийх боломжийг нь манай хууль эрх зүйн орчин бүрэн утгаар нь олгосонгүй. Учир нь манай улс өнгөрсөн хугацаанд гурван Засгийн газартай ч юм шиг, 76 сайдтай ч юм шиг явж ирлээ. Энэ л Монгол Улс

-Хамгийн ойрхны жишээ тогтвортой байдал дээр аваад үзье л дээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Д.Бямбасүрэн гуайн засгаас  эхэлж тоолбол 14 Засгийн газрыг үзжээ. Тэр 14 Засгийн  газраас  долоог нь огцруулчихсан байх юм. Нэг засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жилээс илүүгүй гэсэн үг. Тэгвэл  бусад орнууд яадаг байх нь вэ гэж сонирхож үзсэн. Гэтэл өндөр хөгжилд хүрсэн орнуудын засгийн газар урт хугацаанд тогтвортой ажиллаж байж хүссэн үр дүндээ, хөгжилд хүрдэг юм байна. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл Засгийн газар нь тогтворгүй, бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учраас Монгол хөгжсөнгүй гэж.  Аль ч засгийн үйл ажиллагааг дунд нь тасалдуулчихаар бодлого нь хэчнээн зөв байсан ч буруу болоод хувирчихдаг юм байна л даа. Нөгөө талдаа Засгийн  газар олигтой ажиллаж чадаагүй юм чинь бодлого нь олиггүй байсан байх гэдэг. Гэтэл, үгүй юм аа. Хэн нэгэн Ерөнхий сайд боллоо гэхэд хүссэн ч, хүсээгүй ч өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж үздэг. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бодлогоо боловсруулах ёстой, хэрэгжүүлэх аппаратаа байгуулах ёстой. Үр дүнг нь үзэх ёстой. Ийм хугацааг монголчууд Засгийн газартаа олгохгүй байна. Өнгөрсөн хугацаанд асуудал нь хүндээ байна гээд огцруулаад байсан. Харамсалтай нь ажил сайжирсангүй. Тэгэхээр асуудал хүний муудаа биш юм байна. Гол алдаа нь Засгийн газраа тогтвортой байлгадаггүй тогтолцоондоо байжээ. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн.

-Хүндээ биш тогтолцоондоо асуудал байна гэсэн дүгнэлт гаргах болсон үндэслэл нь юу вэ.  Улстөрчид өөрсдийнхөө алдаа, завхралыг Үндсэн хуульд тохчихож байна гэсэн шүүмжлэл ч гардаг?

-Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн Ерөнхийлөгч сонгосон байна. УИХ-ын даргаар есөн хүнийг сонгож. 14 Засгийн газрыг сольжээ. Тэр үедээ бид дандаа л шилдэг гэснээ дээрх албан тушаалд тавьж байсан. Гэтэл тэр хүмүүс маань бүгдээрээ чадваргүй байсан гэвэл үгүй. Тэр хүмүүст ажил хийх боломжийг нь манай хууль эрх зүйн орчин бүрэн утгаар нь олгосонгүй. Учир нь манай улс өнгөрсөн хугацаанд гурван Засгийн газартай ч юм шиг, 76 сайдтай ч юм шиг явж ирлээ. Энэ л Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж байна. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуулийн гажиг гэж хэлж болно.

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг өнөөдөр мөн үү.  Ялангуяа өнөөгийн парламентад Үндсэн хуулийн өөрчлөх чадамж байгаа гэхэд эргэлзэж байна?

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг олон нийт хүсч байгаа. Гагцхүү энэ парламентад ийм чадамж байна уу гэж эргэлзээд байх шиг. Гэвч, одоо хийхгүй юм бол монголчууд үндсэндээ найман жил алдана. 2024 он хүртэл монголчууд улс төрийн болон эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй гэсэн үг. Төр засаг нь тогтворгүй байхын хэрээр улс орны хөгжил гацаж байгааг бид бүгдээрээ харж байна. Засгийн газраа огцруулаад дээрдэж байгаа юм алга.  Харин ч “Сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болдог. Тиймээс хамгийн түрүүнд энэ байдлаа засах ёстой юм. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиар бол Үндсэн хуулийг өөрчилж, шинэчилж батлах эрх нь зөвхөн Их Хуралд байдаг. Энэ Их Хуралтай холбоотой шүүмжлэл гарч байгаа болохоор ард иргэдээсээ санал асуулга авъя гэж үзсэн.

-УИХ-д Үндсэн хуулиар олгосон ийм эрх байгаа юм бол ард түмнээс санал асууя гээд байгаа учир шалтгаан нь яг юу юм бэ. Бүх нийтийн санал асуулгаар ард түмний олонх дэмжихгүй гэвэл Үндсэн хууль өөрчлөлт оруулахгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэж дэмжих хүн олон бий. Эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа. 2000 оны дордуулсан долоо гэдэг шиг хардлага үүсгэхгүйн тулд, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг үүднээс бүх нийтийн санал асуулга явуулсан нь зөв юм байна гэж үзсэн. Би танд, Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг уншиж өгье. Монгол Улсын Үндсэн хуулийн  гуравдугаар зүйлд нэг ийм заалт бий. Үндсэн хуулийн амин сүнс нь гэж хэлж болно. “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаар дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл  одоо дээр дурдсан эрхийг эдлэх боломжийг нь ард түмэндээ олгох гэж байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм уу, яаж өөрчлөх юм бэ? Үндсэн хуулийг өөрчлөлтийг энэ Их хурал хийх юм уу, хийхгүй юм уу? Одоо хийх юм уу, хэзээ хийх юм бэ? гэсэн асуудлаар ард түмний саналыг авах зорилготой юм.

Өөрөөр хэлбэл, “УИХ-ын  нэр бүхий гишүүдээс  2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй” гэдэг асуудлаар дэмжинэ, дэмжихгүй гэсэн хариулт авна. Дэмжихгүй гэвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй гэсэн үг. Дэмжинэ гэвэл УИХ энэ асуудлыг хэлэлцээд явах юм. Ингэхийн тулд Ард иргэдээс санал авах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Ард нийтийн дунд санал асуулга явуулж шийднэ гэвэл УИХ-ын гуравны хоёроор буюу 51 гишүүний  дэмжсэн саналаар батална. Санал асуулгыг яг сонгууль шиг явуулна. Бүх нийтийн санал асуулгыг орчин цагт хийж үзээгүй. Урьд нь 1945 онд тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан бол одоо 70 жилийн ой дээр нь хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмнийхээ саналыг сонсох гэж байна.

-Тогтоолын төслийг УИХ дэмжвэл энэ сарын 26-нд бүх нийтийн дунд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулах юм байна гэж ойлголоо. Гэвч, маш богинохон хугацаанд бүх нийтийн санал асуулга явуулж, шинэ жилээс өмнө Үндсэн хуулиа батална гэвэл түргэн түүхий хууль гарч магадгүй гэсэн болгоомжлол байна?

-Монголчууд бэлгэ дэмбэрлээ боддог ард түмэн. Тэр үүднээс анхны Үндсэн хууль баталсан түүхэн өдрөө санал асуулга явуулъя гэж шийдсэн юм. Үндсэн хуульд нэг заалт бий. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж. Тэгэхээр ард иргэдээс эрхийг нь баталгаажуулбал энэ Их хурал 12 дугаар сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Тиймээс Ард иргэдээс санал авах нь зүйтэй гэж УИХ үзвэл чуулганаа түр завсарлуулаад Үндсэн хуулийг өөрчлөлт хийх болсон шалтгаанаа тайлбарлаж, ойлгуулах талаар гишүүд тойрогтоо ажиллах юм. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт дээр өргөн барьсан төслийн заалт нэг бүрээр санал хураана. Тэгэхдээ босго өндөр буюу нийт гишүүдийн дөрөвний гурав нь дэмжсэн байх ёстой. Тийм учраас түргэн түүхий хууль батлагдах боломжгүй гэсэн үг.

Энэ бол Монголын  орчин үеийн түүхэнд анх удаагаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр иргэн нэг бүрийн саналыг авч, тэдний дэмжлэгтэйгээр өөрчилж байгаа явдал болох юм. Өмнө нь Үндсэн хуулийг батлахдаа ийм санал асуулга явуулж байгаагүй.  Энэ удаад төрийн эрх  ард түмний мэдэлд байдаг гэсэн Үндсэн хуулийн заалтаа жинхэнэ утгаар, шууд ардчилалаар хэрэгжүүлэх боломжийг ард түмэндээ олгож байгаагаараа онцлогтой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол Улс сонгодог парламентын засаглал руу улам ойртож байгаа алхам гэж дүгнэж болох уу?

-Монгол Улс парламентын засаглалтай орон гэж дэлхийд зарласан. 1992 оны Үндсэн хуулиа ч ингэж баталсан. Дэлхийн улс орнуудыг аваад үзэхээр хаант, ерөнхийлөгчийн, парламентын засаглалтай, бусад гэж хуваадаг. Хэдийгээр Монгол Улс парламентын засаглалтай ч ажиглагчид, судлаачид бол хосолсон засаглалтай улс гэж дүгнэдэг юм билээ. Ерөнхийлөгчийн засаглал нь давамгайлсан, парламентын засаглалтай улс гэдэг. Дэлхийд  парламентын засаглалтай 50 улс байна. Тэр дотроо манайх шиг парламентын засаглалтай мөртлөө Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог 11 улс байна. Тэдгээр 11 улсыг судлаад үзэхээр манайхтай төстэй тогтолцоотой улс нэг ч алга.  Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч их өргөн хүрээний эрх мэдэлтэй. Гэтэл бусад оронд  Ерөнхийлөгч нь голдуу бэлгэдлийн шинжтэй байдаг юм байна. Хүн гэдэг амьтныг эвтэй байлгах нь хамгийн чухал. Тиймээс тухайн улсын хаан, Ерөнхийлөгч дээр ард иргэдийнх нь итгэл үнэмшил нэгдэж, улс  орон нь тогтвортой байдаг юм байна. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж заачихсан. Энэ бол Ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг. Гэтэл өнөөдөр хажуугаар нь өөр олон үүрэг оноочихсон. Тэр нь эв нэгдлийн баталгаа байх гол үүрэгтэй нь зөрчилддөг. Үүнээс болоод манай Ерөнхийлөгч нар ийм төвөгтэй байдалд хүрчихсэн юм байна. Тиймээс гол үндсэн үүрэг болсон ард түмнээ эв нэгдэлтэй байлгах үндсэн үүргийг нь үлдээгээд, бусад үүргээс нь чөлөөлж өгөх нь зөв. Хүн шагнадаг, цол олгодог, уучлал үзүүлдэг, төрийн шийдвэрийг ёсчилдог гээд хүнийг баярлуулдаг гол эрхийг нь Ерөнхийлөгчид үлдээгээд хүн гомдоодог ажлыг нь Засгийн газарт үүрүүлэх ёстой.

Манай тогтолцоо их өвөрмөц л дөө. Ерөнхийлөгчийг намаас нэр дэвшүүлдэг. Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хуулийн дагуу намаасаа түдгэлздэг. Тэгээд нэг бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр дахиа сонгуульд өрсөлдөхөөр ахиад намаас нь нэр дэвшүүлдэг.  Тэгвэл Үндсэн хуулийн  өөрчлөлтөөр намаасаа түдгэлзээд нэг удаа сонгогдох эрхтэй болгож байгаа юм.  Тэгэхгүй бол дараагийн удаа нэр дэвших гээд намдаа үйлчлээд байдаг.  Ерөнхийлөгч бол намдаа биш төрдөө, ард түмэндээ үйлчлэх ёстой хүн шүү дээ. Та нар харж байгаа биз дээ. Манай Ерөнхийлөгч нар  дахин сонгогдоод гарч ирэхээрээ намтайгаа бүгдээрээ зөрчилддөг. Бид тухай бүрт хамгийн шилдгүүдээ л сонгож байсан. Сонгогдсон болгон намтайгаа хагарч, асуудал үүсээд байгаа нь хувь хүндээ биш тогтолцоондоо байна гэсэн үг. .

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор хуулийн төсөлд суулгасан байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумьж өгч байгаа юм аа даа?

-УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын оролцоотойгоор  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв гэж үзсэн. Ингэснээрээ Монголын парламент сонгодог тогтолцоо руугаа явах юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Үндсэн хуульд заасан хамгийн гол үүрэг болох ард түмний эв нэгдлийг хангах үүргээ биелүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

-Ер нь яагаад заавал парламентын засаглал гэж.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалтай болгож болохгүй байсан уу. Сүүлийн үед зарим хүмүүсээс Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм байна, энэ 76 чинь хоорондоо учраа олохгүйгээс улс орныг сүйрүүлээд дууслаа гэсэн санал шүүмжлэл гарах болсон?

-Бид ухарсан алхам хийж болохгүй л дээ. Нөгөө талаар яагаад сонгодог парламентын засаглалтай больё гээд байгаа шалтгаанаа тайлбарлая. Монголчууд Чингис хаанаа дээдэлдэг. Тэгвэл Тэмүүжинг Чингис хаанаар хэн сонгосон юм. Ард түмэн биш, Их хуралдайгаар сонгосон.  Их хуралдай бол тэр үеийн ноёдын зөвлөл буюу одоогоор бол Их Хурал юм.  Өөрөөр хэлбэл, 1206 онд Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжилж байх үедээ Монгол Улс парламентын засаглалтай байсны илэрхийлэл юм.  Тэгэхээр өвгөдийнхөө уламжлалыг сайжруулаад , орчин үетэйгээ зохицуулаад явах нь зөв. Тэгээд ч 430 хүний баталсан 1992 оны Үндсэн хуульд Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан.

Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлээ хангаад, УИХ нь хуулиа баталж, хяналтаа тавиад, Засгийн газар бодлогоо хэрэгжүүлээд явдаг тогтолцоог л  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талдаа хариуцлагын тогтолцоог оновчтой болгоё гэсэн шийдэл. Сайн юм болохоор бүгдээрээ цээжээ дэлддэг, муу юм болохоор эзэн олддоггүй. Тэгвэл буух эзэнтэй, буцах хаягтай байя гэсэн шийдлийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой.

-Нөгөө талдаа Ерөнхий сайдын эрх мэдэл багагүй нэмэгдэх бололтой ?

-Нэг баримт хэлье дээ. Монгол Улс зургаан удаагийн сонгууль явуулсан. Гэтэл Засгийн газраа долоон удаа огцруулсан байдаг юм. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа ийм тогтворгүй байж болохгүй л дээ. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой гэж үзсэн.

-Засгийн газрын үйл ажиллагааг тогтворжуулах замаар засаглалын хямралаас гаргана гэж тооцож байгаа юм байна, тийм үү?

-Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад засаглалын хямралаас хоёр аргаар гардаг юм байна. Нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, нөгөө нь  төрийн эргэлтээр.  Төрийн эргэлт бол бидний хүсч байгаа зүйл биш. Тиймээс бидэнд хамгийн сайн гарц бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнөөдөр Ерөнхий сайд засгаа тогтвортой байлгахын тулд хүссэн, хүсээгүй зарим нам, бүлэглэлүүдтэй тохироонд орж байна шүү дээ. Ийм эрээвэр хураавар багтай яаж амжилтад хүрэх билээ.  Хүний барьцаанд байж яаж ажлаа сайн хийх юм бэ. Тиймээс олонх болсон улс төрийн нам нь Ерөнхий сайдаа санал болгоод УИХ-аас түүнийг нь томилдог. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг тогтолцоо руу орох ёстой.   Ингэж чадвал тэр хүнд эрх мэдэл нь очно, дагаад хариуцлагаа өөрөө үүрдэг болно. Монголын төр засагт үгүйлэгдээд байгаа хамгийн чухал зүйл бол тогтвортой байдал.   

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь хоорондоо ойлголцохгүйгээс болоод олон асуудал үүссэн. Үүнийгээ больё, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлээ хангаад, УИХ нь хуулиа баталж, хяналтаа тавиад, Засгийн газар бодлогоо хэрэгжүүлээд явдаг тогтолцоог л  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талдаа хариуцлагын тогтолцоог оновчтой болгоё гэсэн шийдэл. Сайн юм болохоор бүгдээрээ цээжээ дэлддэг, муу юм болохоор эзэн олддоггүй. Тэгвэл буух эзэнтэй, буцах хаягтай байя гэсэн шийдлийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой. Ингэж тогтвортой байдал, хариуцлагыг тогтолцоог бий болгож чадвал Монгол Улс хөгжинө.

-Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой хангана гэлээ. Одоо бол Засгийн газрын гишүүн нэг бүрийг УИХ-ын кноп бүрийн оролцоотойгоор томилж байгаа шүү дээ. Дурын нэг гишүүн Засгийн газрын сайдыг огцруулах бичиг өргөн барьж байна. Энэ бүхэн засаглалын хямралын үндэс болдог. Тэгэхээр энэ бүхнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яаж зохицуулсан юм бэ?

-Ганцхан Монголд тохиолдож байгаа зовлон биш юм билээ. Бусад улс орон бидэн шиг “зовлон”-гоо туулаад гарсан байдаг. Гол нь тэд  гарах гарцаа зөв олсон гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг олонх огцруулах санал гаргалаа гэхэд, дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж ирэхээр зохицуулалт оруулсан. Засгийн газрын сайд болгон дээр хэлэлцүүлэг явахгүй, Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилсон, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлж, УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцно гэж хуулийн төсөлд суулгаж өгсөн. Нэмээд хэлэхэд танхимынхаа сайдтай Ерөнхий сайд л хариуцлага тооцно. Ингэж байж  барууны орнуудад сайд алдаа хийлээ гэхэд өөрөө огцордог соёл Монголд тогтох юм. Цаашдаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж дээр сайд, Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлыг зохицуулахаар бодсон юм их байгаа.

-Тэгвэл УИХ-ын даргын эрх мэдэл яаж өөрчлөгдөж байгаа юм бэ?

-УИХ-ын дарга хурлаа л даргална.

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээс гадна, аймаг, хотын Засаг дарга нараа томилдог болно гэл үү?

-Тийм, Ерөнхий сайд Засгийн газрынхаа гишүүдээс гадна аймгуудын болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын Засаг дарга нарыг томилдог байх ёстой. Харин  сумын засаг дарга нарыг ард түмэн дотроосоо шууд сонгодог тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Энэ бол шууд ардчиллын сонгодог хэлбэр. Ингэснээрээ орон нутагт намыг сонгодог тогтолцооноос хүнээ сонгодог тогтолцоо руу шилжинэ. Монгол Улс 330 сумтай. Энэ сумын засаг дарга нарыг сонгоход намууд оролцохгүй. Намууд оролцохгүй гэдэг маань намууд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг.  Түүнээс намууд нэр дэвшүүлчихээрээ “манай нам чамайг гаргасан. Бид чамайг нэр дэвшүүлсэн. Чи намын даалгавар биелүүлнэ шүү” гээд ажлыг нь хийлгэдэггүй, дарамталдаг явдал газар сайгүй байна. Энэ байдлыг халъя. Монголчуудаа намаар талцуулахаа больё гэсэн санаа. Хөдөө орон нутагт аав хүү хоёр, ээж охин хоёр, эхнэр нөхрүүд намаараа талцаад сууж байна. Улс төрөөс болоод монгол гэр бүл хүртэл хоорондоо талцаад, улс орон маань улам л уруудан доройтож байна. Тиймээс сумынхан өөрсдөө засаг даргаа сонгодог болчихвол удам судар, боловсрол мэдлэг, харилцаа, ёс зүй гээд бүгдийг нь судална шүү дээ. Тэд чинь бие биенээ, удам судартай нь сайн мэднэ. Улстөржиж маргалдахгүй орон нутагтаа хэрэгтэй шийдвэрээ гаргаад явах тогтолцоог бий болгох ёстой. Манай Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүхэн намын гишүүн боллоо. Үүнээс болоод нам дагавал ажилтай болдог, амьдралаа залгуулдаг гэсэн гаж ойлголт газар авлаа. Тэгэхээр сумдад шууд ардчилсан сонгууль явуулахаар хүмүүс нам гэж гүйлдэхээ болино.

-Өнөөдөр аль нэг намын гишүүн биш бол ажилд ороход хэцүү болсон гэдэг үнэн шүү дээ?

-Звөхөн УИХ-ын сонгуульд нам нэр дэвшүүлнэ. Сум, хотын Засаг даргыг шууд ардчиллаар сонгодог болчихвол  иргэд нам дагаж гүйдэг, талцдаг, намын гишүүн болж байж ажилтай болдог гажиг тогтолцоог өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, намын хатуу гишүүнчлэл нэгдүгээрт байхгүй болно. Намаар дамжиж төрд гардаг, төрөөр дамжин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх  үзэгдлийг байхгүй болгох үүднээс л сумын иргэд Засаг дарга шууд ардчиллаар сонгох ёстой гээд байгаа юм. Ингэвэл төрийн албанд орохын тулд намд гишүүнээр элсэх ямар ч шаардлагагүй болно.

-Тэгэхээр УИХ, Ерөнхийлөгч, орон нутаг гэсэн гурван сонгууль явагддагийг болиулах юм байна гэж ойлголоо?

-УИХ-ын гишүүнийг намаас дэвшүүлж, парламентын сонгууль болдгоороо болно. Тэгэхгүй бол 76 бие даагч гараад ирвэл Засгийн газраа байгуулж чадахгүй шүү дээ. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно. Хот, сумдад  шууд ардчилсан сонгуулийг явуулна.

-Монголын хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдарч байна. Нийслэлийн асуудлыг Үндсэн хуульд яаж зохицуулж байгаа вэ?

-Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон аймгийн төвүүдийг хотын статуст оруулах  хэрэгтэй юм байна гэж үзсэн. Урьд өмнө нь аймгийн төвүүдийг хот гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тэрнийг нь сэргээнэ. Ингэснээр нийслэлийн асуудал багасна. Утаа, түгжрэл, хотыг чиглэсэн их нүүдэл хумигдана. Эзэнгүйрч байгаа хөдөөг эзэнтэй нь үлдээх том бодлого явж байгаа л даа. Мөн Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы асуудлыг бие даасан хуулиар зохицуулъя гэж шийдсэн. Үүнийг нийслэлийн иргэдээс асууж шийднэ. Хөдөөгийн нэг сум гурван мянган хүн амтай. Харин Улаанбаатар хотын нэг хороо 10 мянган хүн амтай. Гэтэл хотын хороо сумын багийн статустай адилхан байдаг. Ийм байж болохгүй, хотынхоо асуудлыг тусгай хуулиар зохицуулахаар тусгасан байгаа.  

-Хуулийн төсөлд ямар үндэслэлээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, УИХ, Засгийн газрын  болон бүх шатны ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоосон юм бэ?

-Дэлхийн улс орнуудыг судлаад үзэхээр Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг дөрөв, тав, зургаан жилээр тогтоодог практик байдаг юм билээ.  Нөгөө талаас хоёр хөршөө судалж үзсэн. Хамгийн гол  үндэслэл нь бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх хугацаа хэрэгтэй гэж үзсэн.  Тэгээд ч өмнө нь монголчууд засаг төрөө таван жилээр сонгодог байсан шүү дээ. Ер нь бол шинэ юм гэдэг бол сайтар мартагдсан хуучин юмыг хэлдэг.

-Үндсэн  хуулийн өөрчлөлтөөр  Засгийн газрыг есөн яамтай болгохоор, яамдын нэрийг нь хуульчилж өгөхөөр суулгасан байна. Засгийн газрын бүтцийг, тэр тусмаа яамдын нэрийг Үндсэн хуулиар хуульчилж өгөх шаардлага байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 14 Засгийн газар ажилласан. 14 Засгийн газар ажиллах болгондоо шинэ бүтэц гаргаж ирдэг. Энэ нь үндсэндээ  намдаа, бүлэглэлүүдэд тохируулсан бүтэц зураад байна гэсэн үг шүү дээ. Яагаад яамд тоглоом болдог юм. Аливаа нэг нам олонх болж чадахгүй бол нөгөөдүүлтэйгээ хамтардаг. Нөгөө намуудынхаа хүслийг биелүүлэхийн тулд баахан сайд, яамдыг гаргаж ирдэг. Ингээд нэг мэдсэн тэжээж чадахгүй данхайсан том төртэй болчихсон сууж байдаг.  Ийм байж болохгүй гэсэн үүднээс  Засгийн газрын бүтцийг цөөлөх нь зөв гэж үзсэн. Ер нь практикаас харахад нэг хүн есөн хүнийг захирч болдог юм байна. Есөөс илүү гарчихвал нэг хүнд захирагддаггүй юм байна. За, яагаад яамдын нэрийг хуульчилж өгөх ёстой гэж үзсэнээ тайлбарлая. Нэг засгийн газрыг огцруулаад, нөгөө засгийг байгуулахдаа баахан яамдын нэрийг өөрчилж, заримыг нь татан буулгаж, заримыг нь шинээр гаргаж ирдэг. Үүнээс болоод баахан хүнийг халаад, сайд өөрийнхөө хүнийг томилдог, дунд нь төрийн албан хаагчид хохирдог үзэгдлийг зогсоох гэсэн арга юм. Нэг талаас бүтцийн хувьд төрийн тогтвортой байдлыг бий болгоё. Нөгөө талаас төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлье. Ингэснээр төрийн бүтэц цомхон, тогтвортой байх, том төрөөс ухаалаг төртэй болъё гэсэн бодлого юм даа

-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно гэсэн байсан. Яагаад заавал 99 гэж, зуу байж болоогүй юм уу. Хоёрдугаарт өнөөдрийн 76 гишүүн дотроо учраа ололцож чадахгүй байхад 99 болгохоор бөөн зодоон, талцал үүсэх юм биш үү. Ийм болгоомжлол байна?

-Энэ бол хоёр талтай. Хэдий чинээ цөөн байна нэг хүнээс хамаарах явдал нь өснө. Хэдий чинээ олон байна нэг хүнээс хамаарах байдал нь багасна.

-Засгийн газар дээр болохоор нэг хүнээс хамаарах хамаарлыг нь өсгөөд, парламент дээр бол нэг хүнээс хамаарах хамаарлыг нь багасгах нь гэж ойлголоо,  зөв үү?

-Тэгж ойлгож болно. Засгийн газар бол гүйцэтгэх байгууллага. Их хурал бол хууль баталдаг байгууллага. Манай улс гурван сая иргэнтэй болчихлоо. Дэлхийн жишгээр үзэх юм бол манай парламент 120 гишүүнтэй байх ёстой юм билээ. Харин бид гурван оронтой тоонд оруулаад яах вэ гэж үзсэн. Нэмээд хэлэхэд тооны бэлгэдлээ бас бодсон. Ес гэдэг тооны бэлгэдлийг та мэдэх байх. Ес гэдэг тоог монголчууд зүгээр гаргаад ирсэн юм биш. Ес гэдэг бол их  утга учиртай тоо. Есөн гариг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн үе, есөн ерөөл гээд цааш хөвөрнө л дөө. Есөн гариг чинь нартайгаа нийлээд арав, есөн эрдэнэ чинь газартайгаа нийлээд арав, есөн өрлөг чинь хаантайгаа нийлээд арав гээд бүтэн болдог. Тэгэхээр 99 дээр Ерөнхийлөгчөө нэмэхээр зуу болно, бүтэн болно гэсэн үг.  Ес бол арга билгийн тоо.

Яагаад найман жилийг алдана гээд дахин дахин хэлээд байна вэ гэвэл их учиртай. Энэ жилдээ Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй юм бол 2016 онд чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл ирэх 2016 он бол сонгуулийн жил.  УИХ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийнхаа хугацааны сүүлд хэлэлцдэг. Эхэнд нь хэлэлцвэл тэр Их хурлыг тараах хэрэг гарна. Мэдээж, дахин сонгууль явуулахыг хэн ч хүсэхгүй.   Цаашлаад 2017 онд  шинэ Ерөнхийлөгч гарч ирлээ гэхэд хоёр дахь удаагаа сонгогдох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй.

-Үндсэн хуулийг өөрчлөх хамгийн том шалтгаан 2000 онд оруулсан дордуулсан долоогийн хувилбар гэж ярьдаг.  Үүнээс болоод Засгийн газар нь “давхар” дээлтэй, парламентынхаа “үгэнд” орохгүй байх явдал цөөнгүй гардаг?

-Дан, давхар дээлийн асуудлыг зохицуулсан заалт оруулсан. Хүмүүс 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон заалтаас болоод Засгийн газар нь  парламентынхаа толгой дээр гарчихлаа гэдэг.  Дордуулсан долоогоос болоод  давхар дээлийн асуудал үүсчихсэн юм биш. 1992 онд Үндсэн хуулиа баталж, анхны сонгуулиа явуулсны дараа байгуулагдсан Засгийн газраас эхлээд нийт 13 Засгийн газрын 12 нь буюу М.Энхсайханы Засгийн газраас бусад нь давхар дээлтэй байсан. Тиймээс энэ маргаанд цэг тавих үүднээс, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгасан. Би хувьдаа дордуулсан долоо биш дутуудуулсан долоо гэж үздэг.

-Яагаад?

-Хэрвээ 2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт оруулахдаа Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болгочихсон байсан бол Монгол Улс 15 жилийн хөгжлөө алдахгүй байлаа.

-Парламент Засгийн газар хоорондын үйл ажиллагаа холилдоод байгаа асуудлыг яаж зааглаж өгч байгаа юм бэ. Өнөөдөр манай парламент Засгийн газрынхаа хүн томилдог, төсөл хэрэгжүүлдэг, тендер зарладаг бүх ажиллагаанд оролцож байна?

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын томилгоо хийдэг эрх мэдлийг нь хасч өгсөн. Их хурал хуулиа батлаад, хяналтаа тавиад явах ёстой. Засгийн газар нь томилгоогоо хийгээд, хариуцлагаа үүрээд яваг. Өөрөөр хэлбэл, парламент, Засгийн газар хоёрыг байр байранд нь аваачиж байгаа шийдэл юмаа.  Ер нь бол хувьсгалын тохироо гэж ярьдаг даа. Үндсэн хуулийг өөрчлөх тохироо одоо бүрдээд байна гэж хэлж болно. УИХ-ын дарга дэмжээд гарын үсэг зурсан байгаа. Ерөнхий сайд, Засгийн гаар дэмжсэн байгаа. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. “Засгийн газрыг бид бүтээлч, хариуцлагатай, ажлын төлөө явдаг, ёс зүйтэй болгохын тулд нэн шаардлагатай хоёр шийдвэр гаргахаас өөр арга алга.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайдуудаа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламентыг томилгооноос салгах хэрэгтэй. 

Их Хурлын гишүүд нь сайдаа томилдог юм байна гээд. 25 жил явж ирсэн энэ ойлголт буруу байна. Дэлхий нийтэд ингэж явдаггүй юм байна. Монголд ч гэсэн ингэж явж болохгүй юм байна. Энэ асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Энэ парламент шийдэх хэрэгтэй” гэж.

-Та  найман жилийг алдана гээд байх юм. Яагаад заавал найман жил гэж. Энэ тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ?

-Яагаад найман жилийг алдана гээд дахин дахин хэлээд байна вэ гэвэл их учиртай. Энэ жилдээ Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй юм бол 2016 онд чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл ирэх 2016 он бол сонгуулийн жил. УИХ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийнхаа хугацааны сүүлд хэлэлцдэг. Эхэнд нь хэлэлцвэл тэр Их хурлыг тараах хэрэг гарна. Мэдээж, дахин сонгууль явуулахыг хэн ч хүсэхгүй. Цаашлаад 2017 онд  шинэ Ерөнхийлөгч гарч ирлээ гэхэд хоёр дахь удаагаа сонгогдох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Эхний хугацаан дээрээ ажиллаж байгаа Ерөнхийлөгч хоёр дахь хугацаагаа үзье гэж бодно. Хэн ч байсан ингэж боддог юм байна. Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй.  Тэгэхээр яг одоо л хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм. Үүнийг манай ард түмэн дэмжих байх аа.

-Өмнө нь Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж байгаад таг болсон. Энэ удаад ч бас таг болох юм биш байгаа?

-Монгол Ардын Нам засгийн эрх барьж байх үед буюу 2000 онд Үндсэн хуульд долоон заалт нэмсэн. Парламентын 70 суудал нь Монгол Ардын намынх байсан. Үнэмлэхүй олон суудалтай мөртлөө Үндсэн хуулиа яагаад төгс өөрчилж чадаагүй юм бэ гэвэл намаас нь сонгогдсон Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй байсан хэрэг. Үүнээс хойно 2011 онд Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсан. Бас л ажил хэрэг болж чадаагүй. Харин энэ удаад бүх талын тохироо нь бүрдээд байгааг би танд тайлбарласан шүү дээ.

-Парламентад суудалтай, суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Энэ хуулийн төслийг парламентад суудалтай бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл багтсан 47 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол Улсыг эрх ашиг гэдэг үүднээс намчирхалгүй, тал талаас нь шүүн хэлэлцэх ёстой.

-Ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээд, УИХ-аас хуулиа баталбал энэ Их хурал тарна гэсэн үг үү?

-Өнөөдөр  аль болохоор хурдан сонгуулиа хийхээс өөр аргагүй, хүнд нөхцөл  үүсээд байгаа. Энэ гэхдээ миний хувийн бодол шүү.

-Танай ажлын хэсэг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хэр удаан ажиллав. Бушуу түргэн хууль  боловсруулаад  шинэ жилээс өмнө батлуулахаар оруулаад ирсэн юм биш байгаа гэж хардах хүмүүс бий байх?

-УИХ-ын дарга анх 2013 оны 2 дугаар сарын 8-нд захирамж гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулж байсан юм. Тэр ажлын хэсгийг нь Л.Цог гишүүн ахалж ажилласан. Уг ажлын хэсгээс Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа 2015 оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-ын даргын хоёр дахь захирамжаар манай ажлын хэсгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн барих үүрэгтэйгээр байгуулсан.

-Яагаад Эх хууль гэж нэрлэх болов ?

-Үндсэн хуулийг товчлоод хэл дээ.

-ҮХ. Нээрэн эвгүй юм байна шүү, өмнө нь анзаарч байсангүй?

-Аливаа зүйлийн эхлэл, эх үндэс гэдэг утгаар нь Эх хууль гэж явах нь зөв гэж үзсэн. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Эх орон, эх нутаг, эцэг эх гээд. Эх гэдэг үг өөрөө маш өргөн утгатай.  За, ингээд энэ ярилцлагаа дуусгах уу даа.  Ер нь манай ард түмэн ухаантай хүмүүс. Үүсээд байгаа асуудлаасаа гарах гарцаа олж чадна гэдэгт найдаж байна. Монголчуудыг заяа нь түшнэ гэж итгэж байгаа шүү.  

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна