Ч.Хүрэлбаатарт хүргэх үг

2015 оны 11 сарын 11

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт Увс аймгийнхан сэтгэл дундуур байна.  Өнгөрсөн 2012 оны сонгуулиар луйвар хийсэн, хууль зөрчсөн хэмээн буруутгагдсаар ирсэн тэрбээр аймагтаа хуваарилсан төсвөөс хасуулах санал гаргасныг орон нутгийнхан нь “буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгч боллоо хэмээн буруутгаж байна.  -2015 оны 11-р сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганаар 2015 оны Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэх үед  Хөгжлийн банкнаас санхүүжихээр  тусгагдсан Увс аймагт хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийн 7.4 тэрбум төгрөгийг хасуулах санал гаргаж, УИХ-ын бусад гишүүдээ уриалан, татгалзахаар саналаа өгсөнд Увс аймгийн ард иргэд гүнээ харамсч байгаа” талаар Амлалт нэхэх ард түмний холбооны Увс аймаг дахь салбарынхан ярилаа. Үүнтэй холбоотойгоор Увс аймаг Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцсэн жагсаалыг иргэд зохион байгуулжээ.  Өмнөх сонгуулиар санал луйвардсан,  хууль зөрчсөн түүнд 2016 онд Увс аймагт ахин нэр дэвших нэр нүүргүй болж буйг аймгийн иргэд шүүмжлэв.

Өөрийнхөө цалинг хасуулахгүй, өдөржин фээсбүүкт өнждөг туслахуудаа явуулж яадахгүй байж Ардын намынхан орон нутгийн төсвөөс хасах бодлого барьж байгаад Увс аймгийн иргэд бухимдалтай байна. Өөрсдийнхөө халааснаас мөнгө хасуулах дургүй байж ард түмний халаас руу гараа дүрэн увайгүйтаж байгаа, ард түмний саналыг луйвардагч  Ч.Хүрэлбаатарт Амлалт нэхэх ард түмний холбооны Увс аймаг дахь салбарынхан нэлээд ширүүн үг дайж байгааг ч  хүргэе. 

“УИХ-ын эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар танаа

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та 2015 оны 11-р сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганаар 2015 оны Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэх үед  Хөгжлийн банкнаас санхүүжихээр  тусгагдсан Увс аймагт хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийн 7.4 тэрбум төгрөгийг хасуулах санал гаргаж, УИХ-ын бусад гишүүдээ уриалан, татгалзахаар саналаа өгсөнд Увс аймгийн ард иргэд бид гүн харамсаж байна.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд Увс аймагт хэрэгжсэн гудамж төсөл шиг чанарын гүйцэтгэл сайтай, төсвөө хэмнэж чадсан бүтээн байгуулалт ховор байх. Шинэчлэлийн засгийн газрын баг бүрэлдэхүүний дэмжлэг, орон нутгийн удирдлагын  хичээл зүтгэл, хамтран ажилласан гүйцэтгэгч компани, орон нутгийн иргэдийн хөлс хүчээр  2014, 2015 онд “Гудамж төсөл”-ийн томоохон бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж яваа билээ. Өнөөдөр Улаангом өдөр нь үзэмжтэй, шөнө нь гэрэлтэй хот шиг хот болж Хархираан өвөртөө гэрэлтэж эхлээд байна.

Гудамж төслийг хэрэгжүүлэх ажил амар байгаагүй. Хөдөлмөрч ухаалаг иргэд маань дэмжсэний хүчинд газар чөлөөлөх ажил гайхалтай түргэн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Нөхөн төлбөрт 500 сая гаруй төгрөгийг орон нутгаас төлсөн байдаг. Анхны зураг хэт нарийхан байсан тул гүйцэтгэгч Шинжан Шинфа компанид орон нутгийн удирдлага олон дахин санал тавьж зорчих хэсгийн 7 метр өргөнийг 14 метр болгон өргөсгөсөн. Түүнчлэн өмнөх жилүүдэд /2008-2012 онд/ 4 см зузаан бетон суурьтай тавьдаг байсан бол шинээр тавигдсан зам 20 см цементен бетон суурьтай болсон. Мөн 7-8 см зузаан 2 үе асфальтан хучилттай явган хүний зам, дугуйн зам тавьж,  ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй нь иж бүрнээр нь босгосон. Хамгийн гол нь газар доорхи инженерийн шугам сүлжээг шинэчлэн лотки хийх, гүүр хоолой барих, дулаан, бохир, цэвэр усны шугам сүлжээг хүчитгэх, сувагжуулах, цахилгаан шилэн кабелийн шугам сүлжээг сувагжуулах, уулзварыг өргөтгөх, авто машины зогсоол зэргийг хийсэн. Үүний үр дүнд 12.6 км авто зам 4 эгнээ 8 уулзварыг иж бүрнээр нь бүрэн тоноглож олон улсын стандартад нийцүүлэн өнөөдрийг хүртэл төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр бүтээн босгоод байна.

Гэтэл та дээрх бүтээн байгуулалтын ажлыг үгүйсгэж Хятад компани бүх мөнгийг нь авч байгаа, өндөр өртөгөөр замаа тавьж байгаа гэж худал гүтгэх чинь Увсын ард түмний итгэл, сэтгэлрүү хүйтэн ус цацсан алхам боллоо.

Үнэндээ Увс аймгийн үе үеийн бүтээн байгуулалтууд ажлын гүйцэтгэлгүй Хятад компани оруулж ирэн хийлгэдэг муу жишиг танай багийн санаачлагаар, таны үед хийгддэг байсныг Увсын ард түмэн бүгд мэднэ. 2012 оноос өмнө “Мөнхжим өргөө” гэх аймгийн засаг дарга асан Э.Цасчихэрийн компани бүх замын тендерийг маш муу Хятад компанитай нийлж авч чанаргүй зам барих, мөнгө угаах гэгчийг үлгэрлэн үзүүлдэг байсныг хэн хүнгүй л мэднэ. Та 3 жилийн өмнө тавьсан замаа ирээд хардаа.!!! Гэрэлтэй өдөр хүн бүдэрч үхэм гүнзгийн нүх л дүүрэн байна.

“Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ батлагдсан зураг төсөвтэй, Японы компаниар хяналт тавиулж хийсэн юм шүү. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та мушгин гуйвуулж гүтгэн 1 км замыг  3 тэрбум болсон гэж барин тавин худлаа ярьж ёс зүйгүй, дэндүү улс төржиж байгааг гайхаад баршгүй. Таны хасуулах гэсэн 7.4 тэрбум төгрөг Хятад компанид биш Увс аймагт бүтээн байгуулалтын ажил хийсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих ёстой юм билээ. Ингэж хүмүүсийг ажлын байртай, ирээдүйд итгэлтэй болгох чинь эдийн засгийн хямралыг давах гол арга.  Та худлаа гэвэл жагсаалтыг нь хар!

“Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 98.0 сая төгрөг ( Цахилгаан шугамын ажил )

“Дэвшил Увс” ХХК – 1149.0 сая төгрөг ( Гадна гэрэлтүүлгийн ажил )

“Цахилгаан холбоо” – 230.0 сая төгрөг ( Мэдээлэл холбооны шугамын ажил )

“Ундарга Увс” ХХК – 2.7 тэрбум төгрөг ( Шатахууны үнэ )

“Петровис” ХК – 500.0 сая төгрөг ( Шатахууны үнэ )

Иргэн С.Бэгзжавд – 240.0 сая төгрөг ( Битум нийлүүлэлтийн үнэ )

Монгол ажилчдын цалин тээврийн хөлс - 3.8 тэрбум төгрөгийг “Шинжиан-ШинФа” ХХК-иас авах ёстой юм. Энэ бодит тооны ард Хятад компани бүх мөнгийг нь авах гэж байгаа гээд хэлхээсээ ичээч.

Таны баг 22 жилд аймгийн төвд 5 км зам тавьсан бол одоогийн аймгийн удирдлага 2-хон жилд 12 км зам барьчихлаа. Мөнгөгүй гэж хойш нь суусангүй, өгсөн мөнгийг нь дуусгачихаад төсөв хүрсэнгүй гэж гоншигносонгүй, улсын ажлыг сэтгэл гарган зүтгэж хийсэн одоогийн аймгийн удирдлагыг юунд гүтгэж, хийсэн ажлыг нь үгүйсгэнэ вэ. Үүнийг тань улс төржилт, увайгүй үйлдэл гэж цагаатгах уу? Эсвэл өөрийн тань хийгээгүйг хийж байгаа учраас атаархаж байна гэж ойлгох уу?

Ард түмний элч, төрийн бодлого тодорхойлогч эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар та нутаг орноо гэсэн чинь сэтгэлтэй, Монголоо гэсэн зүтгэлтэй аливаа асуудалд ноён нуруутай ард олныг ялгаварлан гадуурхдаггүй, жинхэнэ төрийн түшээ байж чадсангүй. Улс төрийн ашиг хонжоо олж байвал ард олны амьдралыг хоёрт тавьдаг, өөрөө сонгогдохын тулд төрөлх нутаг нь хөгжил цэцэглэлтгүй, ард олных нь амьдрал ядуу дорой байвал сайн гэх үзэл тань хэрээс хэтэрлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та арчаагүй зан, хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ өмнөөс Увс аймгийн ард түмнээс уучлалт гуйхыг  Амлалт нэхэх ард түмний холбооныхон шаардаж байна” гэв.

Т.БОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна