Зээлийн хүүг бууруулах уу?

2015 оны 11 сарын 11

Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ хүрээнд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах даалгаврыг Монголбанк, Засгийн газарт өгөхөөр боллоо. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ц.Нямдорж: Зээлийн хүүг 1-3 хувь бууруул

Монголбанкны Ерөнхийлөгч инфляци буурсан тул зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн гэж анх удаагаа эерэг зүйл хэлсэн. Түүн дээр нь үндэслээд миний бие Эдийн засгийн байнгын хороон дээр зээлийн хүүг 1-3 хувиар бууруулъя гэсэн санал оруулаад дэмжигдээд явж байна. Зээлийн хүүг хүчээр бууруулж болохгүй гэсээр байгаад 25 жил ингэж явлаа. Нарийн ярих юм бол арилжааны банкууд сүүлийн 25 жил 18-20 хувийн хүүтэй зээл олголоо. Ингэж л хөлжсөн ш дээ. Одоо банкууд улсаа бодох цаг нь болсон. Мэдээж миний энэ хувилбар төгс санаа биш л дээ, ойлгож байна. Ийм зорилт дэвшүүлээд нэг жил зүтгээд үзвэл яасан юм бэ. Монголбанкны хувьд алдагдалгүй төсөв батлаад өгөөч гэж байгааг ойлгож байна. Хэрэв зээлийн хүүг 1-3 хувиар буурах шийдвэр УИХ гаргах юм бол төсвөө эргэж хараад огт алдагдалгүй төсөв оруулж ирэх хэрэгтэй. Ийм нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх юм бол Монголбанк бодлогын хүү болон бусад арга хэрэгслүүдээрээ дамжуулаад зээлийн хүүг бууруулах ажлууд хийнэ биз.

Хэрвээ зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байгаа бол гадны банк оруулж ирэхээс өөр сонголт алга.

Бодит үнэн гэвэл аж ахуйн нэгж, иргэд банкны зээлийн өндөр хүүгийн дарамтад орсон. УИХ тодорхой тоо ярихгүй бөөрөнхий үгээр явбал ямар ч арилжааны банк зээлийн хүүгээ бууруулахгүй, бодлогын шинжтэй тоо гаргаж өгвөл түүндээ хөтлөгдөж ажиллах боломжтой. Зээлийн хүүгээ бууруулах бодлого хэрэгжүүлэ эх орноо боддоггүй юм бол  бага хүүтэй зээл олгодог гадны банк оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орно. Ингэхээс өөр сонголтыг арилжааны банкууд үлдээхгүй байна.


С.Дэмбэрэл: Төсвөө  алдагдалгүй батал

Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ санал дэмжигдсэн ч гэсэн хэрэгжихэд боломжгүй байдалд бид өөрсдөө хүргэх гэж байна. Монголбанк мөнгөний бодлого оруулж ирэхдээ та биднээс 3 зүйл гуйсан. (i)төсөв алдагдалгүй батлаад өгөөч (ii) төлбөрийн тэнцэл эерэг гарсан энэ үед оны туршид эерэг хэвээр нь аваад явах (iii) өрийн зохистой удирдлага буюу өрийн тогтвортой байдлыг хадгалах. Эхний хүсэлтийг унагах гэж байна. Тэр нь төсвийг -3.23 хувиар батална. Цаанаасаа ийм бодлоготой байгаа. Тэгэхээр эхний тэнцвэр унаж байна. Хоёрдугаар тэнцвэр нь 2016 онд маш хэцүү болно. Гуравдугаар тэнцвэр нь аль хэдийн унасан. Монголбанкны тооцоогоор гаргасан ДНБ-ыг одоо байгаа Засгийн газрын өртэй харьцуулахад 66 хувьтай байна. Хэдийгээр энэ маш зөв санал ч гэсэн бид өөрсдөө орон зайг нь өгөхгүй байна. Хэрэв төсвийг алдагдалгүй баталж чадвал Ц.Нямдорж гишүүний хэлснээр 1-3 хувиар зээлийн хүүг бууруулж болно.

Нэг зөвлөгөө өгөхөд орчин үед үүнийг хүртээмжтэй санхүүжилт гэж нэрлэдэг болсон. Хүртээмжтэй санхүүжилт гэдгийг ажлын хэсгийн гишүүд нэмж оруулаад Монголбанк, Засгийн газар энэ чиглэлээр ажиллахаар бол бүх гишүүд дэмжинэ. Гэхдээ нэг зүйлийг дахиад ярья. 3 хүсэлтийг бид унагаагаад байна. Хамгийн түрүүнд дотоод тэнцвэрийг хангах ёстой байтал төсвийн алдагдлаа 3.23 гэж батлаад түүнийгээ гоё болгосон гэж бодоод төсвийн ажлын хэсэг, УИХ-ын даргын захирамжаар гаргасан том ажлын хэсэг дээрээ ч гэсэн энэ хэвээрээ орж ирнэ. Том ажлын хэсэг жижиг ажлын хэсэгтээ нөлөөлж чадахгүй. Мөн 77%-иар баталсан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн асуудалтай шууд хамааралтай. Үүний оронд NewYork-д очиж хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байж валютын дотогшлох урсгал нэмэгдэж, зээлжих зэрэглэл сайжирч магадгүй.

Ийм байдлаар цаашдаа явах нь төсөв, мөнгөний бодлогын уялдаа явахгүй ээ. Одоо -3.23 гэдгээ больё. Төсвөө алдагдалгүй батлах бүрэн боломж харагдаад байна. Төсвийн хөрөнгө оруулалтаас 150 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 250 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлаас 100 тэрбум төгрөг, чинээлэг хэсэгт очиж байгаа халамжийн 48 хувиас 28 хувиар нь танаад, хасаад өгөхөөр төсөв маань ядахдаа -1 болно. Төсвийг -1 болгохоор Монголбанкинд мөнгөний орон зай гарч ирнэ. Үүгээр нь хувийн хэвшил санхүүжиж эхэлнэ. Ийм зүйлийг хүссэн. Бид дэмжээд, батлаад байгаа ч бүх зүйлээ нөгөө гараараа худлаа болгох гээд байна. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна