ААН-үүд орчноо цэвэрлээгүй бол хариуцлага тооцно

2015 оны 11 сарын 11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, машин техникийн хүрэлцээ,  хог ачилт, ариутгал, хөдөлмөр хамгаалал, зам талбайн үйлчлэгч нарын нормын хувцасны хангалт, бодис, давс, элс дайрганы нөөцтэй танилцсан. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хогийн сав, сандал зэрэг эд хөрөнгийн арчлалт, засвар үйлчилгээ, золбин нохой муур устгал, цасны жижүүрийн хуваарь, иргэдийн бүлэгтэй байгуулсан гэрээнд хяналт тавилаа.  

Үүсмэл болон хур хогийн цэгийн устгал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах чиглэлд  иргэдэд хандсан сургалт сурталчилгааны ажлыг хэрхэн хийж байгаа, байгууллага аж ахуйн нэгжид дүүргээс хариуцуулсан 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгуулах талаар ямар ажлууд хийснийг шалгасан.

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд машинууддаа GPS төхөөрөмж суурилуулан ажлын явцдаа байнгын хяналт тавьж, иргэдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэдэг болсон. Олон нийтийн байцаагч нар хороотойгоо хамтран иргэдийн бүлгээ ажиллуулж байгаа. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд ил задгай хог хаягдал хаях нь ямар хор уршигтайг ойлгуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан. Дүүргүүд аж ахуйн нэгжүүддээ “Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүйгээс иргэд хальтирч унан гэмтсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох” болохыг мэдэгдэн нэгдсэн арга хэмжээ авч ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан. Ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн шалгалтын нэгдсэн дүн маргааш гарна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна