Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо

Орон нутгийн 15000 орчим сурагчид орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо

Монгол орны нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон гэсэн судалгаа гарсан байна. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт 29 хувь байгаа нь туйлын хангалтгүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас нийгмийн хариуцлагыг дээдлэгч Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци 2014 оноос “Сумдын сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг санаачлан, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд олон суманд судалгаа явуулсан бөгөөд судалгааны үр дүнгээс үзэхэд баруун аймгуудын сургуулиудад гэдэсний өвчин, гепатит зэрэг халдварт өвчин түгээмэл байдаг байна. Эдгээр өвчин эмгэгийн гол шалтгаан бол ариун цэврийн өрөө болон бохир ус зайлуулах төхөөрөмж, угаалтуур зэрэг зүйлс хангалтгүй, цэвэр ус дамжуулах хоолой байхгүй, ариун цэвэр сахих үндсэн мэдлэг дутмаг байдагтай холбоотой. Үүний улмаас хүүхдүүд хүнд өвчин тусч, хичээлийн хоцрогдолд ороход хүрдэг байна.

Төслийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суман дахь нээлтийн арга хэмжээ өнгөрсөн Баасан гарагт болж, төслийг хэрэгжүүлэгч талууд болох Мобиком Корпораци, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага, Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон төслийн барилгын ажлыг гүйцэтгэгч Рояал Кинг ХХК-ийн төлөөлөгчид Өмнөдэлгэр сумын сургуулийн хүүхэд багачуудад ариун цэврийн байгууламжаа хүлээлгэн өглөө.

2015 онд хэрэгжсэн уг төслийн 2-р үе шатанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баянмөнх, Архангай аймгийн Булган, Хайрхан, Батцэнгэл, Баянхонгор аймгийн Богд, Бөмбөгөр, Жинст, Булган аймгийн Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн Цогт, Хөхморьт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг, Завханмандал сумдын сургуулиудад тус байгууламжийг барьж байгуулан хүлээлгэн өгөөд байна.

Эдгээр шинэ ариун цэврийн байгууламжууд нь Монгол Улсын мянга мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалд төсөөлөхийн аргагүй том өөрчлөлтийг авчраад зогсохгүй, цэвэр орчинд, ариутгасан ундны ус ашиглах боломжтой болсноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой билээ. Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж