ВАДА-гийн илтгэл “бөмбөг дэлбэлжээ"

2015 оны 11 сарын 11

-Оросын хөнгөн атлетикийн тамирчдын сэргээш хэрэглэж байгаа тухай асуудал спортын ертөнцийг шуугиулж байна-


 

ВАДА-гийн илтгэл “бөмбөг дэлбэлжээ"

WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас томилсон Бие даасан комисс нь IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, Оросын хөнгөн атлетикийн холбоо, Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори, РУСАДА, Оросын сэргээшийн эсрэг агентлаг, ОХУ-ын Спортын яамны сэргээштэй холбоотой үйл ажиллагааг мөрдөн шалгасан дүнгийн тухай илтгэлийг Женев хотод даваа гаригт хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулжээ.

Тус Бие даасан комиссоос ОХУ-ын зарим спортын албан тушаалтнууд, хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн асуудлаар маш олон зөрчил, дутагдал гаргаж байсныг байгааг илрүүлэн тогтоож тэдний нэр дээр олон ял тулгаж Москва дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дундын зайн гүйлтийн нэр бүхий 5 тамирчин, сэргээшийн эсрэг дүрмийг санаатайгаар зөрчсөн 5 дасгалжуулагч, эмчийн спортоор хичээллэх, дасгалжуулах эрхийг бүх насаар нь хасах, Сахилгын тусгай комисс яаралтай байгуулж сэргээшийн бүх лаборатори, төвийг дахин аттестатчлах зэрэг олон зөвлөмжийг ВАДА-д, оросын хөнгөн атлетикийн тамирчдыг 2016 оны олимпийн наадмыг оролцуулан бүх тэмцээн уралдаанд оролцохыг хориглох, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс сэргээшийн эсрэг дүрмийг зөрчиж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх Сэргээшийн эсрэг бие даасан шүүх байгуулж ажиллуулахыг зөвлөмжийг ОУХАХ, Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд гарган өгчээ.

Сэргээш илэрсэн тамирчнаас Москва хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн захирал Г.Родченко 30 мянга, Оросын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч асан В.Балахничев 20 мянган рублийг авилгал тогтмол авдаг байсан нь нотлогдсон гэж илтгэлд бичсэн байв. Оросын тамирчдын сэргээштэй холбоотой элдэв явуулага, явдлыг ОХУ-ын Спортын сайд В.Муткогийн тушаалаар гүйцэтгэж байсан гэж дээрх илтгэлд дурдсан байна.

“ВАДА-гийн Бие даасан комиссиос тулгаж байгаа ялд ОХУ хоёр хоногийн дотор хариу өгөх ёстой, Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахыг хориглох шийдвэрийг баасан гаригт гаргана.” гэж ОУХАХ-ны ерөнхийлөгч Себастьян Коу мэдэгджээ.

Илтгэлийг нийтэд ил болгосны дараа ОХУ-ын Спортын сайд В.Мутко байр сууриа илэрхийлж “Сэргээшийн лабораторийн үйл ажиллагаатай холбоотой алдаа доголдлыг засаж залруулна, тус лаборатори нь спортын томоохон тэмцээн уралдааны үед ОУОХ, ВАДА-гийн мэргэжилтнүүдийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг байсан, харин бусад ял нь ямар ч үндэслэлгүй юм.” гэж мэдэгджээ.

 

Бүх насаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хасах 5 тамирчны нэрс

  • Мария Фарносова, ОХУ-ын Гавьяат тамирчин, 800 м-ийн зайн гүйгч, 2012 оны олимпийн, 2011 оны дэлхийн, 2010 оны Европийн аварга, 2011 оны Европийн Оны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч

 

  • Екатерина Поистогова, ОХУ-ын Гавьяат тамирчин, 800 м-ийн зайн гүйгч, 2012 оны олимпийн наадмын хүрэл, 2015 оны европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

 

  • Анастасия Баздырева, спортын мастер, 400 м, 800 м-ийн зайн гүйгч, 2015 оны 800 м-ийн оросын аварга

 

  • Кристина Угарова (Халеева), спортын мастер, 1500 м-ийн зайн гүйгч, Зуны “Универсиад” наадмын хүрэл медальт

 

  • Татьяна Мязина, спортын мастер, 800 м-ийн зайн гүйгч, олон улсын тэмцээнд байнга оролцдог.

 

Бүх насаар нь дасгалжуулах эрхийг нь хасах 5 дасгалжуулагч, эмчийн нэрс

  • Сергей Португалов, спортын анагаах ухааны өндөр зэрэглэлийн мэргэжилтэн, дэд доктор, “Холбооны биеийн тамир, спортын шинжлэх ухааны төв” нэртэй төсвийн байгууллагын орлогч дарга

 

  • Алексей Мельников, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, ОХАХ-ны Тэргүүлэгч гишүүн, үндэсний шигээ багийн тэсвэр, тэвчээр хариуцсан ахлах дасгалжуулагч

 

  • Владимир Казарин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, олимпийн аварга Мария Савинова, хүрэл медальт Екатерина Поистогова нарын дасгалжуулагч

 

  • Владимир Мохнев, хөнгөн атлетикийн дасгалжуулагч, оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэдэг тухай ХБНГУ-ыд гарсан баримтат киноны гол баатар тамирчин Юлия Степанова(Русанова)-гийн дасгалжуулагч

 

  • Виктор Чегин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, Саранск хот дахь Спорт алхааны олимпийн бэлтгэлийн төвийн ахлах дасгалжуулагч, олимпийн наадам, дэлхийн болон европийн аварга шалгаруулах тэмцээний аварга, медальтнуудын дасгалжуулагч, түүний шавь нараас хорь гаруй тамирчин 2000-2015 онуудад сэргээш илэрч эрхээ хасуулсан, саяхан зодог тайлсан.

 

 

ОУХАХ дахь ОХАХ-ны гишүүнчлэлийг зогсооно

ОУХАХ-ны Зөвлөл баасан гаригт яаралтай хуралдаан хийж ВАДА-гийн Бие даасан комиссийн илтгэлийг иш үндэс болгон Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг зогсоох, Оросын хөнгөн атлетикийн тамирчдын уралдаан, тэмцээнд оролцох эрхийг хасах тухай ганцхан асуудлыг хэлэлцэхээр болжээ. ОУХАХ-ны Монако дахь Төв байранд Зөвлөлийн бүх гишүүд хүрэлцэн ирж амжихгүй учраас яаралтай хуралдааныг интернет-бага хурлын хэлбэрээр хийхээр болжээ.

 

ОУХАХ-ны ерөнхийлөгч асан Л.Диакийг ОУОХ-ны Хүндэт гишүүний албан тушаалаас түр түдгэлзүүлжээ

ОУОХ-ны Ёс зүйн Хорооноос 1999-2015 онуудад ОУХАХ-ны ерөнхийлөгчийг албыг хашиж байсан, Сенегал улсын иргэн, 82 настай Л.Диакийг сэргээш илэрсэн тамирчдын дүнг нуун дарагдуулж хуульчийн хамт 1 сая еврогийн авилгал авсан, хоёр хүү нь сэргээш илэрсэн зарим орны тамирчдыг айлган сүрдүүлж мөнгө нэхэж байсан нь нотлогдсон учир ОУОХ-ны Хүндэт гишүүний албан тушаалаас түр түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Тэрчлэн Зуны “Лондон-2012” олимпийн наадмаас медаль хүртсэн Оросын тамирчидад сахилгын арга хэмжээ авахыг ОУХАХ-ноос шаардсан байна.

WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас томилсон Бие даасан комиссийн дарга Ричард Паунд дээр дурдсан илтгэлдээ “Өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын сэргээшийн шинжилгээний дээжүүдийн дүнтэй холбоотой явуулга байгаагүй гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй.” гэж дурдсантай холбогдуулан “Өвлийн “Сочи-2014” наадмын сэргээшийн шинжилгээний дүнд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй.” гэж ОУОХ-ноос мэдэгджээ.

Москва хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож захирлыг нь огцруулжээ.

ОХУ-ын Спортын сайд В.Муткогийн тушаалаар, Москва хот дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож захирал Г.Родченког огцруулж захирлын үүрэг гүйцэтгэгчээр Марина Дикунецийг томилсон байна.

Огцорсон захирал Г.Родченко нь нь ВАДА-гийн шалгалт ирэхээс 3 хоногийн өмнө 1417 сэргээшийн шинжилгээний дээжийг устгасан гэх үндэслэлээр ажлыг нь өөрчилжээ. Иймд тус лабораторид ВАДА-тай холбоотой сэргээшийн шинжилгээ хийхгүй болж, тус лабораторид байгаа сэргээшийн шинжилгээний дээжүүдийг өөр итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх юм байна. ВАДА-гийн дүрэм ёсоор, сэргээшийн шинжилгээний дээжийг доод тал нь 10 жилийн хугацаагаар хадгалж байх ёстой ажээ.

ВАДА-гийн Сахилгын хороо тус лабораторид олгосон тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны чиг үүргийн талаар ойрын үед тодорхой шийдвэр гаргана. Тус лаборатори нь ВАДА-гийн Сахилгын хорооноос тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийн талаарх гомдлоо 21 хоногийн дотор Лозанна хот дахь Спортын арбитрын шүүхэд гаргаж болно.

Өвлийн “Сочи-2014” олимпийн наадам эхлэхээс гурван сарын өмнө буюу 2013 оны арван нэгдүгээр сард ВАДА-гийн Сахилгын хорооноос, Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори нь сэргээшийн дээжийн шинжилгээ хийхдээ алдаа зөрчил гаргаж байгааг илрүүлсний дараа гадаад орны мэргэжилтнүүд тус лабораторид шалгалт хийж байжээ.

Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори нь Швейцар улсын Лозанна, ХБНГУ-ын Кёльн, Канад улсын Монреаль хотууд дахь Сэргээшийн шинжилгээний төвүүдтэй энэ зэрэгцэх сэргээшийн шинжилгээний томоохон байгууллага юм.

ВАДА-гийн Бие даасан комиссиос ОУХАХ-ны ерөнхийлөгч асан Л.Диакийн
хэргийг ИНТЕРПОЛ-д шилжүүлжээ

ВАДА-гийн Бие даасан комиссиос ОУХАХ-ны ербнхийлөгч асан Л.Диакийн хуульч Хабиб Сиссегийн хамт 1 сая еврогийн авилгал авсан хэргийг ИНТЕРПОЛ, Олон улсын эрэн сурвалжлах цагдаагийн байгууллагад шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсчээ. Түүнээс гадна хөнгөн атлетикийн спорт дахь сэргээш хэрэглэсэн асуудлыг улс хооронд зохицуулах хүсэлтийг мөн хүргүүлжээ.

АНУ, Австралийн тамирчид гомдол гаргаж олимпийн алт, хүрэл медалийг нөхөн олгохыг шаарджээ

ВАДА-гийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Оросын хөнгөн атлетикийн тамирчид нь дасгалжуулагч нарынхаа заавраар сэргээш хэрэглэж байсныг тогтоосон мэдээлэл гарсны дараа зарим үндэсний хөнгөн атлетикийн холбоо, тамирчид гомдол гаргаж эхлэжээ.

Австралийн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Филд Жонс мэдэлдэл хийж “Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглох тухай ВАДА-гийн зөвлөмжийг дэмжиж байна. Оросуудыг Рио-гийн олимпийн наадамд оролцуулахгүй болбол хөнгөн атлетикийн нэр хүнд өснө.” гэжээ.

Австралийн спорт алхааны тамирчин, Лондонгийн олимпийн наадмын мөнгөн медальт Жаред Таллент тус наадмаас алтан медаль хүртсэн Оросын тамирчин С.Кирдяпкиний амжилтыг хүчингүй тооцож алтан медалийг нь өөрт нь олгох шаардлагыг ОУОХ-нд явуулсан байна.

Оросын тамирчин С.Кирдяпкин.

Сэргээш илэрсэн учир С.Кирдяпкиний 2009-2012 онуудад тэмцээн, уралдаанд гаргасан зарим амжилтыг ОУХАХ-ноос хүчингүйд тооцож байжээ. Ж.Таллент ОУОХ-нд явуулсан гомдолдоо “С.Кирдяпкинийг сэргээш хэрэглэсэн нь 2011 онд илрээд байхад ОУХАХ 2012 онд олимпийн наадамд оролцуулчихаад, тэр нь алтан медаль авсны дараа нь л түүнд шийтгэл ногдуулсан. Тамирчдын эрх ашгийг хамгаалах ёстой Олон улсын холбоо нь хууран мэхлэгчдийг дэмжиж байгаад би харамсаж байна. ОУХАХ-нд маш олон асуулт тавимаар байна. ОУХАХ-ноос ОХУ-ын Чебоксар хотод явуулах гэж байгаа спорт алхааны Дэлхийн Цомын төлөө тэмцээнийг өөр оронд шилжүүлэхгүй бол би оролцохгүй.” гэжээ.

АНУ-ын гүйгч Алисия Монтаньо “Washington Post” сониннд ярилцлага өгч “Би Лондонгийн олимпийн наадамд 800 метрийн зайд уралдаж алтан медаль хүртсэн Оросын тамирчин Мария Савинова, хүрэл медаль хүртсэн Екатерина Поистогова нарын араас барианд орж тавдугаар эзэлсэн. Тэгээд Оросын хоёр тамирчны медалийг хурааж байгаа учир надад зүй ёсоор ногдох ёстой олимпийн хүрэл медалийг минь олгоосой гэж гэж би хүсэж байна. Өнгөрснийг буцааж болохгүй ч авах ёстой зүйлээ би авмаар байна. Миний хувьд сэтгэл зүйн хувьд төдийгүй санхүүгийн хувьд их хохирол амссан.” гэжээ.

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

(МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна