МАН нэг цагийн завсарлага авлаа

2015 оны 11 сарын 11

УИХ-ын чуулганы хуралдаан 10.20 цагт УИХ-ын гишүүдийн 35 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Энэ үеэр Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг гишүүд дэмжлээ.

Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарчээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй,Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж, МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжлээ.  Ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дэмжлээ. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ.

УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан. Энэ нь Дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авлаа” гэв.   

УИХ-ын дарга З.Энхболд: Төсвийн тухай хуулийг зөрчиж завсарлага авлаа

Р.Гончигдорж: Үг хэлүүлэхгүй байна гээд хууль зөрчөөд байгаа юм биш. Цөөнх боллоо гээд үг хэлдэг юм байхгүй. Төсөв хэлэлцэж байхад завсарлага авна гэж байхгүй тийм боломжгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Төсвөө арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой. Гэтэл МАН завсарлага авчихвал төсвийн тухай хуулийг зөрчинө. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргаж байна.

Энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн завсарлага өглөө.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна