Д.Баясгалан ОУОСХ-ын ерөнхий санхүүчээр дахин сонгогдлоо

2015 оны 11 сарын 11

-Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан нь ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр 3 дахь удаагаа улиран сонгогдов. Тэрээр урьд нь 2003 онд ГХ-ны гишүүн, 2007, 2011 оны Ерөнхий Ассамблейн хурлаар ерөнхий санхүүчээр сонгогдож байв-


Швейцарь улсын Лозанна хотноо тус хотын их сургуулийн цогцолбор дах ‘Amphimax’, хурлын их танхимд Олон улсын оюутны спортын холбооны (FISU) ээлжит Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурал 2015 оны 11 сарын 7-9-нд болов.

Энэхүү хурлаар ОУОСХ-ны 2013-2015 оны хугацаанд хийсэн ажлын тайлангуудыг Ерөнхийлөгч, Ерөнхий санхүүч, Ерөнхий нарын бичгийн дарга нар тавьж хэлэлцүүлэн, энэ хугацаанд явагдсан арга хэмжээ, Универсиадын ЗБХ-ны тайлангууд, 2017, 2019 онд явагдах өвөл зуны Универсиад наадмын бэлтгэл ажлын тайланг сонсов. Мөн ОУОСХ-ны хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэн, төсөв, төлөвлөгөөг батлав.

Их хуралд ОУОСХ-ны 167 гишүүн орны холбоодоос 125 орны төлөөлөгчид ирж хуралд оролцов. Хурлын үеэр Афганистан, Гамби, Аруба улсыг эгнээндээ элсүүлэн ОУОСХолбоо 170 гишүүнтэй болов. Гишүүнчлэлийн жилийн татварыг 250 еврогоор шинээр тогтоосон. Холбооны хүндэт гишүүнээр тус байгууллагын ГХороонд 24 жил ажилласан, аудитор Румыны иргэн А.Гажеаг сонгов. Мөн хүйсийн тэгш эрхийн хорооны шагналыг Испани улсад олгосон.

Хурлын арга хэмжээнд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах уригдан оролцож үг хэлэн, төлөөлөгч нартай хурлын завсараар ярьж санал бодлоо нээлттэй солилцов. ОУОСХолбоо нь цаашид ОУОХороотой нягт хамтран ажиллахаар боллоо. Т.Бах нь 1973,1979 оны Универсиад наадмуудад тамирчинаар оролцож байснаа дурсан ярьсан юм.

Хурлын үеэр тус холбоог 2015-2019 онд удирдах Гүйцэтгэх хороог байгуулах сонгууль явагдлаа. ОУОСХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оюутны спортын холбооны ерөнхийлөгч 51 настай Олег Васильевич Матыцин 102 орны санал буюу 81,6 хувийг авч сонгогджээ. Түүнчлэн Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий санхүүч, гишүүдийн ахлагч болон 15 гишүүнийг тус бүрт нь санал хурааж сонгов.

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан нь ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр 3 дахь удаагаа улиран сонгогдов. Тэрээр урьд нь 2003 онд ГХ-ны гишүүн, 2007, 2011 оны Ерөнхий Ассамблейн хурлаар ерөнхий санхүүчээр сонгогдож байв. Энэ удаа түүнтэй Сеара Леон улсын иргэн Бангура Ибрахим өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч хурлын өмнө нэрээ татсан юм.

Д.Баясгалан хурлын хөтөлбөрийн дагуу 2 удаагийн тайлан, илтгэл тавьж хэлэлцүүлэн билээ. Түүний хувьд ОУОСХ-ны санхүүгийн үйл ажиллагааг амжилттай удирдан явуулж байгааг олон орны төлөөлөгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч, дэмжин сонгов. Энэхүү сонгуулиар түүнд дахин илтгэл хүлээлгэн ОУОХорооны дараа ордог дэлхийн спортын хоёр дахь томоохон байгууллагын санхүүг удирдуулахаар сонгосон нь Монгол улсад итгэсэн олон улсын үнэлгээ, хүндлэл юм. Манай улсаас дэлхийн спортын 170 орныг эгнээндээ нэгтгэсэн нэр хүндтэй том байгууллагын Удирдах зөвлөлд ийнхүү сонгууль хүлээн ажиллаж байгаа хүн одоогоор Д.Баясгаланаас өөр алга байна.

Түүнчлэн МОСХолбооны үйл ажиллагааг олон улсын хэмжээнд үнэлсэн хэрэг боллоо. МОСХолбоо нь ОУОСХ-ны шугмаар 2002 онд шатар, 2006 онд чөлөөт бөх, 2010 онд боксын Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийг өөрийн эх орондоо хүлээн авч амжилттай зохион байгуулж олон улсын байгууллагаас удаа дараа өндөр үнэлэлт авч байсан. Мөн 2016 онд Дэлхийн оюутны аваргын байт харвааны 11 дүгээр тэмцээнийг хүлээн авахаар шаргуу ажиллаж байна.

Монголын оюутан тамирчид 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Универсиад наадмаас эхлэн 50 дах жилдээ тамирчидаа оролцуулж байгаа ба үе үеийн оюутан залуучууд эх орондоо дэлхийн Универсиадын 50 медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.

Оюутны дэлхийн аваргын 10 төрлийн тэмцээнүүдэд удаа дараа оролцсноос 22 тэмцээнээс нь 21 алт, 13 мөнгө, 39 хүрэл нийтдээ 73 медалийг хүртээд байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурлын төлөөлөгч, доктор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна