ОУОСХ-ын Ерөнхий ассамблейн их хурал Швейцарьт боллоо

2015 оны 11 сарын 11

Швейцарь улсын Лозанна хотноо тус хотын их сургуулийн цогцолбор дахь "Amphimax" хурлын их  танхимд Олон улсын оюутны спортын холбооны (FISU)  ээлжит Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурал 2015 оны 11 дүгээр сарын 7-9-нд болов.

Энэхүү хурлаар ОУОСХ-ны 2013-2015 оны хугацаанд хийсэн ажлын тайлангуудыг Ерөнхийлөгч, Ерөнхий санхүүч, Ерөнхий нарын бичгийн дарга нар тавьж хэлэлцүүлэн, энэ хугацаанд явагдсан арга хэмжээ, Универсиадын ЗБХ-ны тайлангууд, 2017, 2019 онд явагдах өвөл зуны Универсиад наадмын бэлтгэл ажлын тайланг сонсов. Мөн ОУОСХ-ны хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэн, төсөв, төлөвлөгөөг батлав.

Их хуралд ОУОСХ-ны 167 гишүүн орны холбоодоос 125 орны төлөөлөгчид ирж хуралд оролцов. Хурлын үеэр Афганистан, Гамби, Аруба улсыг эгнээндээ элсүүлэн ОУОСХолбоо 170 гишүүнтэй болов. Гишүүнчлэлийн жилийн татварыг 250 еврогоор шинээр тогтоосон. Холбооны хүндэт гишүүнээр тус байгууллагын ГХороонд 24 жил ажилласан, аудитор Румыны иргэн А.Гажеаг сонгов. Мөн хүйсийн тэгш эрхийн хорооны шагналыг Испани улсад олгосон.

Хурлын арга хэмжээнд ОУ-ын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах уригдан оролцож үг хэлэн, төлөөлөгч нартай хурлын завсараар ярьж санал бодлоо нээлттэй солилцов. ОУОСХолбоо нь цаашид ОУОХороотой нягт хамтран ажиллахаар боллоо. Т.Бах нь 1973, 1979 оны Универсиад наадмуудад тамирчинаар оролцож байснаа дурсан ярьсан юм.

Хурлын үеэр тус холбоог 2015-2019 онд удирдах Гүйцэтгэх хороог байгуулах сонгууль явагдлаа. ОУОСХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оюутны спортын холбооны ерөнхийлөгч 51 настай Олег Васильевич Матыцин 102 орны санал буюу 81,6 % авч сонгогджээ. Тэрээр ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2007-2011, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2011-2015 онд, Европын оюутны спортын холбооны Дэд ерөнхийлөгчөөр 2009 оноос тус тус сонгогдон ажиллаж байжээ. Түүнтэй өрсөлдсөн өмнөх ерөнхийлөгч, Францын иргэн Клод-Луи Галльен 23 санал авчээ. Ийнхүү ОУОСХ-ны ерөнхийлөгчөөр анх удаагаа Зүүн Европын орны төлөөлөгч сонгогдов. Өмнө нь тус байгууллагыг Итали, АНУ, Францын иргэд удирдаж байв.

Гүйцэтгэх хорооны гишүүн бөгөөд ОУОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Швейцарь улсын Л.Эдер сонгогдсон бол дэд Ерөнхийлөгчөөр Ян Лигуа (БНХАУ), Л.Кабрал (Бразил), М. Дималски (Польш), Л. Сенгор (Сенегал) нар сонгогдов. Ерөнхий санхүүчээр Монголын иргэн Данзандоржийн Баясгалан, гишүүдийн ахлагчаар Германы иргэн В.Бурк сонгогдлоо. Харин ГХ-ны гишүүдээр дараах 15 хүн болох Ю.Буонжин (БНСУ), Т.Чен (Хятадын Тайвань), К.Улп (Эстони), П.Фэрнандо (Португал), Х.Игараши (Япон), М.Гамбоа (Коста Рика), О.Ал-хай (АНЭУ), К.Тамер (Турк), П.Кабенге (Уганда), К.Чоу (Хонгконг), К.Закирьяанов (Казахстан), А.Дэвис (Ямайка), М.Ралетхе (ӨАБНУ), Д.Колэн (Канад), Л.Хилкка (Финланд) нар сонгогдлоо. Гишүүдээс 8 нь дахин сонгогдсон бол шинээр 7 хүн сонгогдов.

Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хуралд Монгол улсаа төлөөлөн МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ерөнхий  нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нар төлөөлөгчөөр оролцоод ирлээ.

Д.ЖАРГАЛСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна