Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихийг уриалав

2015 оны 11 сарын 11

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадорж, Удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлсайхан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж уриалга гаргасан тухайгаа мэдэгдсэн юм.

2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ардчилсан  намын удирдлагууд АН-ын гишүүд дэмжигчдийн холбоотой санамж бичиг байгуулж байсан. Энэ санамж бичгийн хоёрдугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлтээр УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагын тухай эрх зүйн зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж оруулсан аж. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжиж уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ард түмнээс санал асуулт авсны дараа өөрчлөх шаардлагатай гэж зарим УИХ-ын гишүүд үзсэн.

Харин АН гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар хэлэхдээ: “Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын төрийн эрх бүхий дээд байгууллага нь УИХ бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцхан УИХ хадгална гэсэн заалт байна. Үүнээс үзэхэд УИХ бол ард түмний төлөөлөл учраас УИХ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамж байна гэж үзэж байна” хэмээлээ. Мөн тэрбээр “УИХ-ын 51-ээс дээш гишүүд гарын үсэг зурснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ. Тиймээс нийт УИХ-ын гишүүд болон намын бүлгүүдэд хандаж Монгол Улсын хөгжил дэвшлийг урагшлуулах Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, энэхүү түүхэн асуудалд идэвхтэй оролцож, нэгдмэл байр суурьтай байхыг АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос уриалж байна” гэсэн юм.

АН гишүүд дэмжигчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадорж хэлэхдээ: “Би бол түүхийн мэргэжилтэй хүн. Тиймээс Монголын ард түмний амьдрал бүхий л асуудлыг шийдвэрлэдэг энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад баяртай байна. Монголын төр анх нэг ишт төр байсан. Харин 1990 оны өөрчлөлтөөс хойш гурван толгойтой могойны үлгэр шиг харагддаг болсон. Нэг ёсондоо хуулийн гажуудал бий болчихсон юм шиг дүр зураг харагдаад байна. Тиймээс ард түмэндээ хандаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж санал асуулга явуулбал идэхтэй оролцохыг уриалж байна” хэмээлээ.          

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна