ҮХ-д өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой гэв

2015 оны 11 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа оролцож, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой, буруу хазгай хандвал төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг онцоллоо.

Энэ үеэр Д.Хаянхярваа гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаярт холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг онцлон дурдлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчийн хүсэлтээр биш УИХ-ын хүсэлтээр өргөн мэдүүлдэг гэсэн хариу өгчээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас ирүүлсэн албан бичигт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эхлэн эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангаж, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бодитойгоор олгож, ил тод байдлаар явуулахыг хуульчлан заасан"-ыг онцоллоо.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн бичигтээ уг төсөл нь "Засгийн газар ганцхан Ерөнхий сайд биш учраас парламентын засаглалтай манай орны хувьд Үндсэн хуулийн гол үзэл баримтлалтай зөрчилдөх болно" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ард нийтийн санал асуулгыг өвлийн хахир хүйтнээр явуулах нь тохиромжгүй, санал асуулгыг "хар машин"-аар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ "Эрх баригчид давчуу хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн, засаглалын хямралд орсон, Засгийн газрын нэр хүнд унасан, хариуцлага алдсан, ард түмэн ядуурсан, ажилгүйдэл нүүрлэсэн зэрэг сүүлийн гурван жилд эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас үүдэлтэй хямралыг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна. Эрх баригч намынхан фракц хоорондын зөрчлөөсөө болж улс орноо засаглалын хямралд оруулсан. Болж бүтэхгүй байгаа бүх алдаагаа Үндсэн хуулиас хайх хэрэггүй. Намынхаа дотоод үйл ажиллагаанаас хайх ёстой. УИХ 99 гишүүнтэй болно гэх мэт бэлгэдлийн шинж чанартай тоо төсөлд оруулж ирсэн байна. Өнгөрсөн жил "888 төсөл" гээд шуураад байсан, энэ жил усанд хаясан чулуу шиг алга болсон. Асуудалд ингэж хөнгөн гоомой, судалгаа тооцоогүй хандаж болохгүй" гэлээ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна